Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Номын төвийн мэргэжилтнүүд үндэсний бичиг сурч байна. Тус төвийн номын санч н.Мөнхдулам монгол хэл, бичгийн багш мэргэжилтэй бөгөөд ажилчиддаа өдөр бүр үндэсний бичгийн хичээл ордог аж.
Ингэснээр “Монгол хэлний тухай хууль”-ийг хэрэгжүүлэхэд төрийн ажилтнуудыг уриалах, бичиг хэргийн хөтлөлтөө зөв бичихэд нь дэм болж байгаа гэнэ. Сургалт өнгөрсөн сарын 15-наас эхэлжээ. Өдөрт тогтмол цагт хичээллэдэг тул үр дүн сайтай байгаа гэж Номын төвийн эрхлэгч А.Уранчимэг хэллээ. Сургалт энэ сарыг дуустал үргэлжилнэ. Үүний дараа түвшин тогтоох шалгалт авч хичээлээ үргэлжлүүлэх ажээ. “Монгол хэлний тухай хууль”-ийг хэрэгжүүлэхэд соёл, урлаг, боловсролын байгууллагын нөлөө их юм. Иймд өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлсэн энэ ажил орон нутгийн удирдлагуудад ихэд таалагдаж байна. Дашрамд дурдахад, тус Номын сан энэ жил БСШУЯ-наас 6.5 сая төгрөгийн санхүүжилтээр ном авчээ.
Б.Оюун-Эрдэнэ