Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд МУБИС-ийн баг тамирчид тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-23 12:41:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2018 оны оюутны улсын аваргын тэмцээн  3 дугаар сарын 03-нд жүдо бөхийн төрлөөр эхлэн 5 дугаар сарын 12-нд олс таталтын төрлөөр үргэлжилж нийт 13 спортын төрлөөр (сагсан бөмбөг, волейбол, чирлидинг, жүдо бөх, гандбол, шатар, футзал, ширээний теннис, таэквондо, модон бөмбөг, хөнгөн атлетик) хоёр сарын хугацаанд өрсөлдлөө.

Энэхүү тэмцээнийг Монголын оюутны спортын холбооноос (МОСХ) удирдан, их дээд сургуулиудтай хамтран явуулсан юм. Хөнгөн атлетик, ширээний теннис, футзал, жүдо, гандбол, модон бөмбөг, шатраас бусад 6 төрлийн тэмцээнийг  их, дээд сургуулийн спорт заалыг түшиглэн зохион байгуулав.Оюутны 2018 оны улсын аваргын тэмцээнд нийтдээ 35 их, дээд сургуулийн 2165 тамирчин (үүнээс эрэгтэй 1281, эмэгтэй тамирчин 884), 189 дасгалжуулагч, 106 шүүгч 2460 хүн оролцсон байна.
Монгол Улсын 2018 оны оюутны улсын аваргын тэмцээний нэг онцлог бол их, дээд сургуулиуд нь спортын төрлүүдийн тэмцээнийг өөрийн сургуулийн нэрэмжит болгон хүлээн авч зохион байгуулсан явдал юм. Сагсан бөмбөг, волейболын тэмцээнийг МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн 75 жилийн ойн хүрээнд тус сургууль хариуцан явуулсан бол жүдо бөх, гандболын спортыг МУБИС, шатар, футзалыг Мон-Алтиус БТДС, чөлөөт бөх, ширээний теннисийг ҮБТДС, таэквондог ҮБХИС, модон бөмбөгийг ХААИС, хөнгөн атлетикийг ШУТИС, олс таталтыг “Аварга” ДС тус тус удирдан МОСХолбоотой хамтран ажиллажээ. Монгол Улсын 2018 оны оюутны улсын аваргын тэмцээний бас нэг онцлог бол оролцсон нийт их, дээд сургуулийн дүнг анх удаа медалийн чанараар гарган дүгнэсэн явдал байв. 


Энэхүү шалгаруулалтаар 2018 оны оюутны аварга шалгаруулах 13 төрлийн тэмцээний багийн нэгдсэн дүнгээр МУБИС-ийн баг тамирчид 15 алт, 14 мөнгө, 16 хүрэл медалийн амжилтаар тэргүүн байрыг эзэлсэн байна. Харин дэд байрыг ҮБТДС-ийн баг тамирчид 13-н алт, 22 мөнгө, 33 хүрэл медалийн амжилтаар шалгарав. Гуравдугаар байрт ШУТИС-ийн баг тамирчид 11 алт, 5 мөнгө, 5 хүрэл медалиар удаах байрыг эзлэв. Эхний 4 байрт “Аварга” ДС-ийн баг 8 алт, 5 хүрэл медаль шалгарсан бол 5 дугаар байрт ХААИС-ийн баг тамирчид 7 алт, 7 мөнгө, 7 хүрэл медалийн амжилтаар айргийн тавдугаар байрт орлоо.

Нийтдээ  төв, орон нутгийн 24 их дээд сургуулийн баг тамирчид алт 79, мөнгө 79, хүрэл 116 нийтдээ 274 багц медалийг хуваан хүртэж өндөр амжилт үзүүллээ. Оюутны 2018 оны УАШТ-ээс шалгарсан баг тамирчдыг Азийн оюутны аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд БНХАУ-ын Жиньжиан хотноо 10 сард, сагсан бөмбөгийн 3х3 тэмцээнд Малайзын Каула Лумпур хотноо 7 сард болох тэмцээнүүдэд сонгон шалгаруулж эрхийг нь ИДС-д өгсөн байна. Харин оюутны ДАШТ-ий шатар, чөлөөт бөх, чирлидингийн тэмцээнд оролцох баг, тамирчдыг дотоодын оюутны УАШТ-ээс мөн адил сонгон авсан.

2019 он бол дэлхийн оюутны өвөл, зуны Универсиад наадмын жил. Өвлийн Универсиад наадам гуравдугаар сард ОХУ-ын Красноярск хотноо, зуны Универсиад наадам долдугаар сард Италийн Наполи хотноо болно. Дотоодод ч мөн адил Универсиад наадам зохиогдох ба төрөл, заавар нь энэ оны есдүгээр сард батлагдан гарна гэж Монголын оюутны холбооноос мэдээллээ.
Связанные новости