АШУҮИС-ийн төгсөгчид “Их эмчийн тангараг” өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-05-24 14:46:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Анагаахын мэргэжилтэн бэлгэдэг улсын сургууль болох АШУҮИС-ийн 2018 оны төгсөгчид мөнгөн хонхны баяраа хийж, эмчийн тангарагаа өргөн мэргэжлийн диплом, энгэрийн тэмдгээ гардаж авлаа.

Энэхүү арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар оролцож хэлэхдээ, “Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд нэгдэж байгаа залуу эмч нартаа эрүүл мэндийн салбарын нийт хамт олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. МУИС-ийн бүрэлдэхүүнд Хүн эмнэлгийн факультет байгуулагдан анхны эмч нар элсэн суралцаж, Ц.Ишханд, Г.Лодон, Г.Дорж, Б.Рагчаа, Р.Нямаа, Ч.Долгор, Б.Цэрэнлхам, Ч.Гомбогарам, Б.Дамдинсүрэн, Б.Жанчив, Д.Цэдэвмаа, Б.Дарь,  Ц.Долгор нарын анхны 13 Монгол эмч 1947 онд төгссөнөөс хойш эдүгээ 70 жилийн хугацаа өнгөрчээ. Эдгээр эмч нар бүгд өөрийн сонгож ажилласан анагаах ухааны чиглэлд Монголын тэргүүлэх эмч, багш, эрдэмтэн байж үе, үеийн эмч-шавь нараа бэлтгэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн болохыг АШУҮИС-ийн 75 жилийн ой тохиож байгаа энэхүү түүхэн жил “Их эмчийн тангараг” өргөж байгаа залуу эмч нартаа хандан онцлон дурьдаж байна. Та бүхэн маань тэдний арвин эрдэм мэдлэг, ажлын баялаг туршлага, хөдөлмөрч зан чанар, хүний төлөө гэсэн  зөөлөн сэтгэл, харилцааны нандин чанарыг нь түүчээлэн авч, зон олныхоо  итгэлийг хүлээсэн “Сан эмч” болно гэдэгт миний бие итгэлтэй байна” гэв.

Эрүүл мэндийн салбар ийнхүү шинээр 500 эмч, эмнэлгийн мэргэжилтнээр эгнээгээ тэллээ.

Связанные новости