Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон 4 настай охины бие сайжирч эмнэлгээс гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-05-24 15:20:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн 4 настай охины биеийн байдал сайжирч, өнөөдөр эмнэлгээс гарлаа. 
Энэ талаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор  О.Сэргэлэн хэлэхдээ, “Дөрвөн настай Ц.Э гэдэг охинд ааваас нь элэг авч шилжүүлэн суулгасан. Охин маань анх төрөхдөө цөсний зам нь битүү төрсөн юм билээ. Мэс засалд орохын өмнө үүдэн үений даралт ихсэх хам шинжтэй, улаан хоолойн судас нь өргөссөн, цус алдах өндөр эрсдэлтэй, дэлүү нь томорсон, цөсний зогсонгишилтой, шарлалттай, цусны бүлэгнэлт маш муу, биеийн байдал хүнд байсан. Хагалгааны явцад эрсдэл гараагүй, хагалгаа 14 цаг үргэлжилсэн. Охины биеийн байдал нь сайжирч, 20 хоноод  эмнэлгээс гарлаа. Өвчтөн эдгээд, эмчээ баярлалаа гэдэг үгийг сонсох эмч бидний дээдийн шагнал, жаргал байдаг. Энэ охин элэг шилжүүлэн суулгуулсан 48 дахь нь, 49 дэх хагалгаа хийлгэсэн хүн 19 хонож байна. Ирэх долоо хоногт эмнэлгээс гарна. Бид хавдартай 11 хүнд элэг шилжүүлэн суулгасан. Маргааш бас нэг хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгана. Манай баг эмч, сувилагч 35 хүний бүрэлдэхүүнтэй. Яг хагалгааны явцад лифт, инженер техникийн алба, эмийн сан, эм зүйч гээд нийт 60 гаруй хүн ажилладаг. Энэ охины мэс засалд шаардлагатай мөнгийг “Эх орон” телевизийн хамт олон уриалга гаргаж, хандив цуглуулж гаргасан. Гэхдээ мэс засал үнэ төлбөргүй, төрөөс гаргаж байгаа. "Эх орон" телевизийнхэн охины гэр бүлд нэг өрөө байр авч өгсөн. Охин ээж, хоёр ахтайгаа амьдардаг. Манай багийнхан охиныг эмнэлгээс гарахад нь бүрэн хувцаслаад гаргалаа. Хэвлэл мэдээллийнхэндээ хандаж хэлэхэд, сайхан сэтгэлээр амьдралын боломжгүй ийм хүүхдийн амийг аврахад хамтарч ажиллаж байвал бид бүхэн баяртай байх болно” гэв.

Тус багийнхан 2011 онд анх БНСУ-ын Асан төвтэй хамтарч элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлсэн билээ. Үүнээс хойших 50 дахь элэг шилжүүлэн суулгах мэс заслыг маргааш хийх юм. Энэ хүн бол 44 настай, эрэгтэй бөгөөд донор нь төрсөн дүү нь. Мэс засал маргааш 04 цаг 30 минутаас эхлэх юм байна.
 
Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Связанные новости