Алслагдсан болон эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийг хамгаална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-06-19 17:34:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн нээлт өнөөдөр боллоо.

Уг төсөл нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх үзэл баримтлалын хүрээнд эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл эрүүл мэндийн технологийг нэвтрүүлэх замаар хүн амын, ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилготой юм.
Гурав дахь жилдээ хэрэгжиж буй төслийн хүрээнд 13000 гаруй хүн халдварт бус өвчний эрт илрүүлэг, эх, хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрт хамрагдсан бөгөөд явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай машин, тоног төхөөрөмж нийлүүлж, эрүүл мэндийн ажилтнуудад мобайл тоног төхөөрөмжүүдийг ашиглах мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулжээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Энэхүү төслийг 2015 оноос ДЭМБ-ын дэмжлэгтэй Халдварт бус өвчний эрт илрүүлгийн чиглэлээр 12 аймгийн 14 сум, 3 дүүргийн 3 хороонд, 2016-2017 онд 11 аймгийн 13 сум, нийслэлийн 3 дүүргийн 4 хороонд  ДЭМБ Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан, Солонгосын иргэдийн сангийн дэмжлэгтэй эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээний чиглэлээр амжилттай хэрэгжүүлсэн. Монгол Улсын газар нутгийн байдалд тохирсон, алслагдсан хүн амд хүрсэн, нэг ч хүнийг орхигдуулахгүй эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх мобайл технологи нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг хийж хэвшихэд суурийг нь тавьж байна” гэв.

Энэ онд Баян-Өлгийн Улаан хус, Ховд аймгийн Чандмань, Завхан аймгийн Баянтэс сум, Нийслэлийн  Багануур дүүргийн 2, 4-р хороо, Баянгол дүүргийн 21-р хороо, Баянзүрх дүүргийн 21-р хороо, Хан-Уул дүүргийн 12-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд тус  төсөл хэрэгжих юм. Энэ хүрээнд нийт 40 эмч, мэргэжилтэнийг чадавхижуулах 7 хоногийн сургалт явуулжээ.
Төслийн нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ, ДЭМБ, Олон улсын түншлэгч байгууллага, НЭМГ, аймгийн ЭМГ, АШУҮИС-ийн АУС-ийн Өрхийн анагаах ухааны тэнхим, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, төсөл хэрэгжих нэгжийн төлөөлөл оролцов. Нээлтийн үеэр ДЭМБ суурийн төлөөлөгч Сергей Диордица, Солонгосын КОЙКА-ийн зөвлөх профессор Чой нар үг хэлж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудад амжилт хүссэн юм.
Төслийн хүрээнд олгож буй тоног төхөөрөмжид зөөврийн ЭКГ, ЭХО, компьютер, даралт хэмжигч аппарат, цусан дахь сахар, холестерин хэмжигч, зөөврийн биеийн өндөр, жин хэмжигч, Samsung tablet, iPad, ДОХ, тэмбүү, хепатит Б, С, хеликобактерийг тодорхойлох хурдавчилсан оношлуурууд, бусад ашиглагдах хэрэгсэл багтаж байна.
Нэг байгууллагыг дунджаар 12000-13000 ам.долларын  үнэ бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж, хурдавчилсан оношлуураар хангасан юм.

Ж.Болор

Связанные новости