Үндэсний спортын VI их наадам гурван өдөр үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-19 22:37:07
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өчигдөр Арвайхээр хотод “Үндэсний спортын VI их наадам”-ын нээлт боллоо. Монгол Улсын Засгийн газрын  2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 269 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/424 тоот тушаалаар орон нутаг даяар зохион байгуулж буй уг наадмын хангайн бүсийн тэмцээн Өвөрхангай аймагт ийнхүү эхэлж байгаа юм.
Тэмцээний нээлтэнд Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн баг, тамирчид оролцсон бөгөөд тэмцээнийг нээж, аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлсэн үгэндээ: “Дэлхийн хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөж, улс орны хөгжил эдийн засгийн чадамжийг Олон Улсын спортын уралдаан тэмцээнд оролцох оролцоо, тамирчдын чадвар чадамжаар нь үнэлдэг болжээ. Түүнчлэн дэлхийн улс орнууд өөрсдийн үндэсний соёл, спортоо хөгжүүлэхийн хамт түгээн дэлгэрүүлж, олимпийн төрөл болгохын төлөө чармайн ажиллаж байгаа энэ цагт Монгол Улсын Засгийн газраас санаачлан Үндэсний спортын VI их наадмыг спортын 14 төрлөөр зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм” гэв.
Тэмцээнд Өвөрхангай аймгийн 19 сумын 400 орчим тамирчин үндэсний бөх, үндэсний сур, шагайн харваа, ширээний шагай, уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалт гэсэн төрлөөр өрсөлдөж байгаа ба 6 дугаар сарын 20 хүртэл үргэлжлэх юм.
Мөн энэ үеэр “Биеийн тамир, спортын эрх зүйн шинэчлэл–тогтвортой хөгжил” сэдэвт бүсийн сургалт, зөвлөгөөн болж, спортын сургалт, дасгалжуулалтын төлөвлөлт, хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын аргачлал, тамирчдын сэтгэл зүй, хоол тэжээл гэхчлэн олон сэдвийн дор зөвлөлдсөн юм. Түүнчлэн Биеийн тамир, спортын хуулийг шинэчлэн батласантай холбогдуулан дагаж мөрдөх журам тогтоолууд, баримтлах бодлогын талаар сургалт хийж байна.
Б.Батчимэг
Связанные новости