Ой үржүүлэх, хамгаалах талаар шинэлэг санаануудыг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-20 11:38:41
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ жил байгаль орчны салбарт ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлээр шинэ санаачилгууд гарган хэрэгжүүлж байна.
Ойн шигүү ургалтыг сийрүүлэх, гэрэлтүүлгийг тохируулах, арчлах үүднээс бортогтой тарьцыг Арвайхээрт шилжүүлэн 100 ширхгийг суулгаж туршсанаар 50 хувийн амьдралттай байгаа аж. Уг ажлыг ирэх жил үргэлжүүлэх юм.
Мөн Увс аймгийн бургасыг нутагшуулах, сумын төвийн айл өрхүүдийн түлээний хэрэгцээнд мөчир гишүү, хожуулыг хэрэглэж хэвшүүлэх, ойн нөхөрлөлүүд талбай эзэмшин хувийн хөрөнгөөр ойжуулалт хийх, мод бэлтгэлээр гарсан хэрэглээний модыг тусгай тэмдгээр тэмдэглэх зэрэг олон шинэлэг санааг хэрэгжүүлсэн болохоо аймгийн БОАЖГ-ын Ойн нэгжийн дарга Ю.Ганхуяг хэллээ.
Шинэс модны ой үүсгэх зорилгоор жилд 200-300 мянга орчим тарьц ургуулж, 2-3 настай болохоор нь ой руу шилжүүлэн суулгаж байгаа гэнэ. Нэг га талбайд 2500 ширхэг шинэс суулгадаг хэмжээ, нормтой бөгөөд цаг агаарын нөхцөл байдал, малын бэлчээр зэргээс шалтгаалан багассаар нэг га талбайд 500 мод ургаж чадвал ой хэмээн үздэг ажээ.
Б.Батчимэг
Связанные новости