Богд ууланд байгаль хамгаалагчид эргүүл хийхэд хүндрэлтэй байдал үүсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-06-21 13:05:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэний нийгмийн төлөөлөл “Ил тод байдал сан” ТББ-гаас Богд уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн болон тус газрын холбогдох албаны хүмүүсийг оролцуулан Богд уулын байгаль орчин, хамгаалалтын нөхцөл байдлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулав.
Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ), “Улаанбаатарын иргэний форум”, “Хан-Уул унаган нутаг”, “Тунгаа төв”, “Ажилчны районы хүүхдүүд” зэрэг ТББ-ын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийн үеэр “Ид тод байдал сан” ТББ-ын зүгээс Богдхан ууланд барилга барихаар олгогдсон зөвшөөрөл, баригдаж буй объектуудын байдлыг хянах үүднээс Байгаль орчны сүлжээний сэтгүүлчидтэй хамтран Богд уулын нийт 32 амаар орж сурвалжлан уулын орон зайн зураглал хийж түүнийгээ цахим сайт (bogduul.wordpress.com)-д тавьснаа танилцуулж Дархан цаазат уулыг хамгаалахад иргэд, оршин суугчид, олон нийтийн төлөөлөл иргэний нийгмийн байгууллага ТББ-ууд, хэвлэл мэдээллийн оролцоог хангах нь чухал байгаа талаар ярилцсан юм.
Богд уулын ам бүрт барилга байшин баригдаж тэр хэмжээгээр хашаа хатган, харуул хамгаалалт бий болсноор жирийн иргэд байтугай Хамгаалалтын захиргааны ажилчид, байгаль хамгаалагчид хүртэл өөрсдөө Богд уул руу орж чадахгүй нөхцөл байдал үүссэнийг хэлэлцүүлэгт оролцогсод хэлж байлаа.


Уулчдын холбооны харъяа явган аяллын клубын тэргүүн Г.Мөнх-Очир “Бид байнга явган алхдаг учир Богд уулын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж буй ерөнхийдөө мэддэг. Нэг үеэ бодвол аяллын зам харгуй бий болсон. Гэхдээ энд тэнд уулын аманд барилга баригдаж, түүнийгээ дагаад хашаа их болсон. Ууланд гарах хүмүүсийн аяллыг бүр хориглочихсон байдал байхгүй ч хашаанууд явган алхагчдын замыг хаадаг болсон нь харамсалтай. Хадны сүг зурагтай уул руу очиж чадахгүй болсон” гэж байсан бол ДЦГХЗ-ны мэргэжилтнүүд, Богд уулын зарим ам руу орж ойн цэвэрлэгээ хийж, байгаль хамгаалагчид ойгоо хамгаалах үүргийнхээ дагуу эргүүл хийхээр явахад  газар аваад хамгаалагчид байрлуулсан зарим компанийн зүгээс уул руу оруулахгүй гэж хориглодог болсныг хэлж, “Түймэр гарлаа гэхэд яах вэ” гэж байлаа. Нөгөө талаар Богд уулын амууд эхнээсээ модгүй болж байгаа таагүй мэдээг “Ажилчны районы хүүхдүүд” ТББ-ын тэргүүн Ц.Эрдэнэ дуулгаж байв. Тэрээр, “Яармагт өссөн унаган иргэдийн хувьд бид Богд уулаа байнга эргэж тойрч байдаг. Сүүлийн жилүүдэд модны хулгай болон ойн хөгшрөлтөөс болж мод багасч байна. Тиймээс оршин суугчдын хувьд ч тэр бид ТББ-ынхаа шугамаар мод тарих хөдөлгөөн өрнүүлж байгаа” гээд энэ тал дээр Богд уулын ДЦГХЗ-тай хамтран ажиллах санал тавьсныг Хамгаалалтын захиргаа хүлээн авч мод тарих газрын байршлыг тогтоох, хүн хүч хуваарилах зэргээр хэрэгжүүлэхээр тогтсон юм.
Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн хэлэхдээ, “Манай Хамгаалалтын захиргаа таван мэргэжилтэн, 23 байгаль хамгаалагч байцаагч, нийт 35 гаруй ажилтантай ажилладаг. Төсөв хөрөнгө хүрэлцээгүй байдаг учраас байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа орхигдож, Богд уулын нийт 32 аманд хүрч ажиллаж чадахгүй байна. Үнэндээ манай байгаль хамгаалагч, байцаагч нар 3 жил болж буй хятад мотоцикльтэй л эргүүлд гарч байна” гээд зураглал хийж,  кординат тогтоох, харуул хамгаалалт хяналтын ажлыг бүрэн хийхэд техник, технологи, хүн хүчээр хангах шаардлага бий болсныг хэлж байв. Тэрээр, “Богд ууланд сүүлийн жилүүдэд салбарын яамнаас аялал жуулчлалын зориулалтаар газар их олгосноос зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй объектууд их баригдаж байгаагаас сүүлдээ олгогдсон газрыг зориулалтаар нь ашиглахыг л зөвхөн шаардаж, зөвшөөрөл авсан, өгсөн газруудад байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй байхыг хэлэхээс цаашгүй болсон ” гэсэн юм.
 
Б.Болд
Связанные новости