Тамхины онцгой албан татварыг нэмснээр 1700-2600 хүний амь насыг аварна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2018-06-25 14:52:23
Улаанбааатар /МОНЦАМЭ/. Тамхины онцгой албан татварыг 50 хувь  нэмснээр 1700-2600 хүний амь насийг хамгаалж,  улсын төсөвт жил бүр 190.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой хэмээн НҮБ-ын шинжээчид тооцоолжээ. 

Уг судалгааг өнөөдөр ЭМЯ, БСШУСЯ, ХХААХҮЯ, , МХЕГ, ХЗДХЯ, Сангийн яам болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан “Тамхины хэрэглээг бууруулах үр дүнтэй арга зам” уулзалтын үеэр танилцууллаа. Дэлхий нийтэд 1.1 тэрбум хүн тамхи татдаг бөгөөд жил бүр 7 сая хүн тамхины хэрэглээний улмаас нас бардаг. Харин 950 мянга нь дам тамхидалтаас үүдэлтэй амиа алддаг аж. Түүнчлэн тамхинаас шалтгаалсан тархины цус харвалтыг мэс заслаар эмчлэхэд  нэг хүнд 40-45 сая төгрөг зарцуулдаг байна. Тиймээс тамхины онцгой албан татварыг нэмэх замаар хэрэглээг хязгаарлах шаардлагатай байгааг уулзалтад оролцогчид онцолж байв.

Тухайлбал, ДЭМБ-ын Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Наранчимэг, “ДЭМБ гишүүн улс орнууддаа тамхины онцгой албан татварыг 70 хувиар тогтоохыг зөвлөсөн. Ингэснээр тамхины хангамж болон иргэдийн худалдан авалт, донтолт буурна. Харин манай улсад татвар 33 хувьтай байна” гэлээ.

Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д.Нарантуяа, “2009, 2013 оны  судалгаанаас үзэхэд насанд хүрэгчдийн тамхи таталтын хувь хэмжээ тогтовортой байна. Харин 13-15 насны хүүхдийн хэрэглээ эрс нэмэгдсэн. Тамхины хор хөнөөлийн талаар сургалт, сурталчилгаа тогтмол явуулж, хууль баталсан ч үр дүнгээ өгөхгүй байна. Тамхины үнэ хямд, түүнд ногдож буй онцгой албан татвар бага  нь үүнд ихээхэн нөлөөлсөн. Тиймээс онцгой албан татварыг  нэмж, хангамжийг хязгаарлах нь өсвөр насныхны тамхидалтын эсрэг авч буй эрчимжүүлсэн арга хэмжээ болно” гэв. 
 
Монгол Улс 2018 онд тамхины албан татварыг 10 хувиар нэмж, 100 ширхэг тамхи тутмаас 3830 төгрөг авах болжээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 350 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
О.Болорцэцэг
Гэрэл зургийг Н.Батбаяр
Связанные новости