Граунд гольфын Ази тивийн нээлттэй тэмцээн “Чингисийн хүрээ” цогцолборт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-06-26 11:59:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын Граунд гольфын холбооны Ази тивийн анхдугаар нээлттэй тэмцээн энэ сарын 29-30-нд “Чингисийн хүрээ” цогцолборт болох талаар Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд өнөөдөр Монголын Үндэсний граунд гольфын холбооноос хэвлэлийнхэнд танилцууллаа. 

Анхдугаар тэмцээнийг НЗД-ын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Австрали, Шинэ Зеланд, Бразил, Аргентин, АНУ, БНХАУ, Польш, ОХУ, Унгар, Монгол гээд граунд гольф сонирхогч, хичээллэгч нарын тоо эрс өсөөд байгаа юм.

Энэхүү спорт нь 36 жилийн тэртээ 1982 онд Японы Тоттори мужийн Юрихама хотод үүссэн, энгийн хялбар дүрэмтэй, цагийн хязгаарлалтгүй, тоглогчийн тоо хязгааргүй, нас харгалзахгүй, тоглох талбай бэлтгэхэд хялбар зэрэг онцлог давуу талтай. Нийтийг хамрах хүрээ өргөн учраас эрчимтэй хөгжин  түгэж байгаа аж.

Монгол Улсад граунд гольфыг хөгжүүлж, бүх нийтийн хүртээл болгох зорилгоор Нийслэл, Дүүргийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Монголын мастеруудын биеийн тамир спортын хороо, Монголын Үндэсний граунд гольфын холбоо энэ тэмцээнийг хамтран зохион байгуулах юм.

Тэмцээнд дүүрэг тус бүрээс 30 хүн,  нийт 240 хүн, 10 аймгаас 100 хүн, гадаадын 12 орноос 70 хүн нийтдээ 410 хүн оролцоно. “Чингисийн хүрээ” цогцолборын 4 талбайд 8 үүртэй уг тоглолтыг зохион явуулж шилдгүүдийг тодруулах юм.

Д.Өлзий    
Связанные новости