С.Мөнх-Оргил:Монгол Улс Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгдэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2018-06-26 12:10:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Геопарк нь геологи, газар, зүй тогтцыг түшиглэдэг учраас манай улс “ЮНЕСКО-гийн Геологийн шинжлэх ухаан ба геопаркууд олон улсын хөтөлбөр”-т нэгдэх бүрэн боломжтой хэмээн өнөөдөр болсон тус хөтөлбөрийг танилцуулах уулзалтын үеэр БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай ерөнхий удирдлагын газрын мэргэжилтэн С.Мөнх-Оргил  онцлов.

Тэрбээр, “Геопарк нь газрыг тогтвортой ашиглан, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхэд эдийн засгийн эргэлтэд оруулах үр дүн өндөр учраас ЮНЕСКО-гоос дэмждэг. Монгол Улс Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгдэн орсноор тухайн газар орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжих, гадны хөнгөлөлттэй зээлд хамрах боломж нээгдэнэ. Өөрөөр хэлбэл дэлхийн  аялал жуулчлалын том сүлжээнд танигдана гэсэн үг. Манай улс байгалийн тогтоц, геологи палеантологийн олдвороороо дэлхийд  эхний гуравт ордог. Геопарк нь геологи, газар, зүй тогтцыг түшиглэдэг учраас манай улс нэгдэх бүрэн боломжтой. Одоогийн байдлаар аялал жуулчлал хөгжихөд газар нь байгаа боловч дэд бүтэц, бүтээгдэхүүн үйлчилгээ байхгүй учраас сайн хөгжиж чадахгүй байна. Өмнөговь аймгийн Шар цав нь орон нутгийн тусгай хамгаалалттай газар. Дэлхий дээрх үлэг гүрвэлийн чулуужсан мөр хамгийн олон байдаг” хэмээн тодотгов.
 
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс нь ЮНЕСКО-гийн Геологийн шинжлэх ухаан ба геопаркууд олон улсын хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга нарын газар, БОАЖЯ, УУХҮЯ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан уг уулзалтаар Дэлхийн геопаркуудын сүлжээний шилдэг туршлага, Монгол Улсын геологийн ач холбогдол бүхий газруудын талаар болон геопаркийн асуудлыг үндэсний геологи, байгаль орчин, аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт тусгах боломжийн талаар хэлэлцсэн юм.
 
ЮНЕСКО-гийн Дэлхийн геопаркууд хөтөлбөр нь олон улсын түвшинд геологийн ач холбогдол бүхий газруудыг дэмжин хөгжүүлж орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 2001 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд  ЮНЕСКО-ийн Геопаркийн олон улсын сүлжээ бий болсон бөгөөд өнөөдрийн байдлаар 38 орны нийт 140 газар бүртгэгдээд байгаа аж.
ЮНЕСКО-гийн Дэлхийн геопарк болохоор төлөвлөж буй газар нутаг нь эхлээд үндэсний геопарк болсон байх шаардлагатай. Зарим газрууд ЮНЕСКО-гийн дэлхийн өв, шим мандлын нөөц газар, геопарк гэх мэт тодорхойлолтыг давхар авсан байдаг. Энэ нь нэг нь нөгөөгөө нөхөж, тухайн газрын хадгалалт хамгаалалтыг илүү сайжруулж өгдгөөрөө давуу талтай. Тухайлбал, шим мандлын нөөц газрууд биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалахад гол анхаарлаа төвлөрүүлдэг бол дэлхийн өв нь түүх соёлын дурсгалт газруудыг илүү чухалчилдаг. Харин геопарк нь эдгээрийг илүү баяжуулж геологийн өвийг хамгаалахын сацуу тухайн газар нутагт амьдарч буй ард иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад гол анхаарлаа төвлөрүүлж ажилладаг онцлогтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. 



ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга хэлэхдээ, “Монгол Улс анх удаа энэ хөтөлбөрт нэгдэх, геологийн шинжлэх ухааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Эхний ээлжинд Япон, Солонгос, Малайз, ЮНЕСКО-гийн геологийн шинжлэх ухааны хөтөлбөрийн газраас мэргэжилтнүүдийг урьж бусад улс оронд геопарк ямар үйл ажиллагаа явуулах, хэрхэн геопарк бий болгох, ямар шалгуурыг ханган геопаркийн сүлжээнд нэгдэх талаар туршлага солилцож байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт буй геологийн ач холбогдолтой газруудыг тогтоосон. Тухайлбал, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн сүүлийн 10 гаруй жил Өмнөговь аймаг дахь Шар цавын нутагт ажиллаж байна. Үлэг гүрвэлийн нутаг гэж яригддаг энэ нутагт геопарк байгуулах боломжтой гэсэн судалгаа хийж байна. Хэрэв судлаач экспертүүд тодорхой шалгуур үзүүлэлт хангасан гэж үзвэл Монгол Улс Дэлхийн геопаркийн сүлжээнд нэгдэн өөрсдийн геопарктай болох үйл ажиллагааг эхлүүлэх юм” гэв.
 
Уулзалтын хүрээнд Өмнөговь аймагт орон нутгийн аяллыг зохион байгуулах замаар геопарк болгох боломжит газруудыг олон улсын мэргэжилтнүүдэд энэ сарын 27-29-нд үзүүлж зөвлөмж авах аж.
 
Уулзалтад ЮНЕСКО-гийн Геологийн шинжлэх ухаан ба геопаркууд хөтөлбөрийн олон улсын мэргэжилтнүүд болон үндэсний холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын нийт 80 орчим төлөөлөгч оролцов.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ
 

Связанные новости