БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Испанид томилолтоор ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2018-06-27 15:42:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Испанийн вант улсад албан томилолтоор ажиллаж байна.

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Испаний вант улсын Эрчим хүч, аялал жуулчлал, дижитал хөтөлбөрийн яамтай  хамтран “Аялал жуулчлалын ухаалаг бүс нутаг – Олон улсын 2 дугаар хуралдаан”-ыг зохион байгуулж байгаа юм. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвилитэй уулзаж, Монгол Улсын аялал жуулчлалын гол чиглэл дагуу дэд бүтэц, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд донор байгууллагууд, хөрөнгө оруулагчдыг татахад Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн Монгол Улсад аялал жуулчлалын статистик мэдээллийг тооцоолох “Tourism Satellite Account” аргачлалыг нэвтрүүлэх, аялал жуулчлалын тандалт судалгааны төв /“UNWTO Sustainable Tourism Observatory Center”/ байгуулахад хамтран ажиллах, гар утсанд суурилсан ухаалаг аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг аялал жуулчлалын дижитал технологийг нэвтрүүлэх болон бусад асуудлаар санал солилцсон байна.

Н.Цэрэнбат сайд, БОАЖЯ-ыг 2019 он гэхэд бүрэн цахимжуулахаар ажиллаж байгаа талаараа танилцууллаа. Хоёр дахь удаагаа зохион байгуулж буй энэ хуралдаан нь аялал жуулчлалын технологи, шинэчлэл, бүх нийтэд хүртээмжтэй, тогтвортой байдал дээр тулгуурласан 21 дүгээр зууны аялал жуулчлалын шинэ загварыг бий болгоход чиглэгджээ. Мөн аялал жуулчлал нь “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-ыг хангах түлхүүр салбар гэдгийг онцлон таниулах зорилготой юм.

Тус хуралдаанаар дижитал технологи дээр суурилсан аялал жуулчлалын бүс нутгийн шинэчлэл, аялал жуулчлалын үр нөлөөллийг мониторинг хийх гарцууд, ухаалаг засаглал, шинэ технологи, шинэчлэлийг ашиглан тогтвортой хөгжлийг урагшлуулах, дата мэдээллийн ашиглалт ба кибер аюулгүй байдал, салбарын хамтын ажиллагаа болон нээлттэй платформ зэрэг сэдвээр оролцогч талуудыг хамруулсан хэлэлцүүлэг болж байна.

Д.Өлзий
Связанные новости