Экспорт болон арилжааны чиглэлээр хадлан хадахыг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-06-29 11:12:26
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудыг олон нийтийн оролцоотой хэлэлцүүлэн шийвэр гаргаж, нэгдсэн ойлголтонд хүрэх зорилго бүхий “Асуудал,гарч, шийдэл” төр, ТББ, хувийн хэвшлийн гурван талт уулзалт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн үр дүнд аймгийн хэмжээнд экспорт болон арилжааны чиглэлээр хадлан хадуулахгүй байх шийдвэрийг Сүхбаатар аймгийн Засаг дарга гаргав.

Уулзалт, хэлэлцүүлгээр бэлчээрийн даац төлөвлөлт, багтаамж, отор нүүдэл, бэлчээр ашиглалт, малын усан хангамж, үлийн цагаан оготнын эрсдэл, хадлан бэтгэл зэрэг МАА-н салбарт нэн тулгамдаж буй асуудал болоод 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл,үйлдвэрлэл эрхлэгчдийг хэрхэн дэмжих талаар хэлэлцсэн юм. Аймаг, сумдын ИТХ-ын дарга, засаг дарга, орон нутгийн төр захиргааны байгууллагын ажилтан, аймгийн засаг даргын хэрэг эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын удирдлага, төрийн албан хаагчид, төсөл хөтөлбөрийн ажилтан, ТББ, иргэд, малчин, тариаланчдын төлөөлөл гээд 300 орчим хүн оролцож, бодит нөхцөл байдал болоод тулгарч буй саад бэрхшээлээ танилцууллаа.

Баяндэлгэр сумын засаг дарга Л.Аваадорж “Манай сумын хувьд таван сард нэг удаа бороо орсноос хойш дахиж ороогүй. Сум нийтдээ гантай, хуурайшилттай. Нэг үгээр хэлбэл гамшгийн байдалд хүрээд байна. Манайхтай хил залгаа Уулбаян, Түвшинширээ сум адилхан. Мал идэх өвсгүйдээ эцэж, турж, эх мал маш ихээр харангадаж үхэж байна. Малчид маань хэдэн малаа үхүүлэхгүйн тулд арай дээр гэсэн сумдын газар нутагт оторлон нутаглаж байгаа. Гэтэл очсон газрынх нь малчид хөөж туудаг асуудал их гарч байна. Өнгөрсөн өвөл манай аймагт гадны 10 гаруй аймгийн хэдэн мянган мал өвөлжсөн. Одоо ч зунжиж байгаа гадны малчид бий. Эдгээр гадны малчдынхаа асуудлыг зохицуулахгүй байж, өөрийн аймгийн малчдаа ад үзээд баймааргүй байна. Тиймээс энэ отор нүүдлийн асуудлыг даруй цэгцлэх шаардлагатай. Нөгөө талаар бэлчээр нутгийг хамгийн ихээр сүйтгэж буй үлийн цагаан оготныг хор цацах аргаар устгах нь маш үр үнтэй байна. Тиймээс энэ хорыг ахиухан хэмжээгээр олговол малчид өөрсдөө цацах, устах ажлыг хийх бүрэн боломжтой байна.” гэв.

Харин Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Адъяасүрэн хэлэхдээ “2015 онд тус суманд 70 гаруй хадлангийн салаа гарч, хадлан хадсан. Түүний үр шимийг Эрдэнэцагаанчууд хүртээгүй. 2016, 2017 онуудад ч мөн адил дээгүүр доогуураа яриад гадна дотнын маш олон хадланчид ирж нутаг орны минь сүйтгэж, өвс ногоог нь хамаад явсан. Гэтэл өнөөдөр сумын малчид нутаглах газаргүй, өөрийн хэрэгцээгээ бэлтгэх өвсний нөөцгүй болоод байна. Саяхан сумын ИТХ-аар хэлэлцээд энэ жил сумын хэмжээнд ердөө 30 га газарт хадлан хадах шийдвэрийг гаргасан. Өөр гадны хадланчдыг бид хүлээж авахгүй гэсэн үг. Ер нь энэ хадлангийн асуудал маш их хэл ам, хэрүүл тэмцэлтэй байдаг. Адаг сүүлд нь малчид хохирдог. Жилээс жилд яригддаг энэ хадлангийн асуудлыг одоо цэгцлэх цаг нь болсон.” гэлээ. Энэ мэтчилэн маш олон асуудлыг оролцогчид хэлж, тодорхой шийдвэр гаргахыг удирдлагуудаас хүсч байсан юм.

Малчид, иргэдийн хэлж буй саналыг үндэслэн хэлэлцүүлгийг зохион байгуулагчид болоод, аймгийн засаг даргын зүгээс гаднаас оторлохоор ирж буй малчдын хөдөлгөөнийг зогсоох, аймаг доторх отор нүүдлийн журам гаргах, экспорт болон арилжааны чиглэлээр хадлан хадуулахгүй байх, зунжлага хүнд байгаа сумдын нөхцөл байдалтай танилцах ажлын хэсэг гарч ажиллах зэрэг шийдвэрүүдийг гаргалаа. Гаргасан шийдвэр, зөвлөмж, уриалгыг бүх шатандаа хэрэгжүүлж, үр дүнг тооцож ажиллахыг аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар аймаг сумдын удирдлагууд, агентлаг албадын дарга нар, төрийн албан хаагчдад үүрэг болгов.

Тус аймгийн бэлчээрийн нөөц 2014-2015 онд 68,8 хувьтай байсан бол 2017-2018 онд энэ тоо гурав дахин буурчээ. Харин мал сүргийн тоо жилээс жилд өсөж 3,5 саяд хүрсэн бөгөөд энэ хавар л гэхэд 1,3 сая төл хүлээн авчээ. Сүргийн бүтцийн тухайд нийт мал сүргийн 60-аас дээш хувийг бог мал эзэлж, ямаа, адууны тоо эрс өсч, тэмээний тоо буурсан байна. Мөн малчин өрх болоод малчдын тоо буурсан ч малын тоо өссөн гэдгийг ХХААГ-аас мэдээлэв. Мөн тус газраас отор нүүдэл болоод хадлангийн журам боловсруулж байгаа бөгөөд журмын төслийг оролцогчдод танилцуулж, тэдний санал бодлыг авсан юм. Улмаар иргэдийн саналыг нэгтгэн тусгаад төслийг дахин боловсруулах аж.
Т.Одончимэг
Связанные новости