“Нийгмийн хонгор” морины хөшөөт цогцолборыг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-06-29 12:24:17
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын анхны морины их шүтээн болсон хөшөөт цогцолбор Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод байдаг. Тэгвэл хоёр дахь цогцолборыг тус аймгийн Сүхбаатар сумын төрийн цолтой “Дарханхаан” хайрханы баруун энгэрт барихаар болжээ.

Цогцолборыг Сүхбаатар сумын уугуул, аймгийн Залуу уяачдын холбоо /ЗУХ/-ны тэргүүн Ж.Цэнд-Очир, Сүхбаатар сумын Нийгмийн хонгор МСУХ-ны тэргүүн Ө.Хүдэрхангай нар санаачилсан бөгөөд нутгийн иргэд, малчдын хандиваар бүтээх аж. Цогцолбор барих газрын асуудал шийдэгдсэн, хандив ч цуглаж эхэлсэн. Одоогоор сумын иргэд малчид гэхээс илүү манай нутгаас хурдан морь худалдаж авсан томоохон уяачид маш ихээр хандив өргөж байна. Удахгүй бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд, чадвал энэ зундаа ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Энэхүү цогцолбор ашиглалтанд орсноор сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна, нийгмийн хонгор морио мөнхжүүлэх, энэ бүс нутгийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа гэдгийг аймгийн ЗУХ-ны тэргүүн Ж.Цэнд-Очир хэллээ.

Хөшөөт цогцолборын голд алдарт нийгмийн хонгор морины хөшөө байх бол хоёр талаар нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас монгол төрийн их наадамд түрүүлж айрагдсан есөн их хүлгийн хөшөөг байрлуулах юм байна. Мөн морины их шүтээн Дамдин-янсан бурханы хөрөг, хүндэтгэлийн самбар, чулуун ширээ сандал, ногоон байгууламж, цогцолборыг хамгаалах зориулалт бүхий хашаа, чулуун зам зэргийг хийхээр төлөвлөжээ.
Т.Одончимэг
Связанные новости