Үндэсний спортын шилдгүүд маргааш тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2018-08-11 19:06:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний соёл урлагийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, спортыг хөгжүүлэх зорилго бүхий “Нүүдэлчин Монгол 2018” наадмын хүрээнд “Үндэсний спортын YI их наадам”-ын уралдаан тэмцээнүүд Хүй долоон худагт үргэлжилж байна.

“Үндэсний спортын YI их наадам” нь Ширээний шагайн наадгай, Үндэсний бөх, Шагай харваа, Сур харваа болон Жороо морьдын уралдаан, Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагчдын тэмцээнээр үргэлжилж буй юм.



Ширээний шагайн тэмцээн нэг баг дотор 16 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй болон 16 болон түүнээс дээш насны эрэгтэй, эмэгтэй ангиллаар өрсөлдөж байгаа юм. Уг тэмцээн бөгцэг няслах, шагай шүүрэх, морь уралдуулах гэсэн гурван төрлөөр өрсөлдөж нийлбэр оноогоор шилдгүүдийг шалгаруулах юм. Энэхүү тэмцээнд 21 аймаг 9 дүүргээс шалгарсан шилдэг 20 баг оролцож байгаагаас оноогоороо Хэнтий, Төв, Орхон аймгууд тэргүүлж байгаа бөгөөд шилдгүүдийг маргааш буюу энэ сарын 12-нд тодруулах юм. Мөн ширээн шагайн наадгайн ганцаарчилсан төрлийн эрэгтэй, эмэгтэй ангилалд нийт 47 тамирчин өрсөлдөж байна.



“Үндэсний спортын YI их наадам”-ын Шагайн харвааны тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 87 багийн 700 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна. Үүнээс Даяар дурсагдах дархан мэргэн 2 байгаа юм. Түүнчлэн Үлэмж дархан мэргэн, Монгол Улсын мэргэн, аймгийн Гоц мэргэн зэрэг нийт харваачдын 60 гаруй хувь нь зэрэг цолтой байгааг зохион байгуулагчид онцолж байлаа. Мөн өнөөдөр Л.Чойдорж, Б.Дондог, Б.Жамц нарт ахмад харваачдад олгодог дээд цол буюу Харьшгүй мэргэн цол олгов. Шагайн харвааны шилдгүүд маргааш тодрох аж.



Харин Үндэсний сур харваанд аймаг, нийслэлийн шилдэг 28 баг оролцож байгаа бөгөөд нэг баг 14 гишүүнтэй юм. Уг харваанд 14 улсын мэргэн оролцож байгаа аж. Үүнээс шилдгээр Баянхонгор, Орхон аймаг, Сүхбаатар дүүрэг шалгарч үлдээд байна. Тэмцээний шилдгүүд өнөөдөр орой тодрох юм. Харин цуваа харваа маргааш буюу энэ сарын 12-ны 07.00 цагт эхлэхээр төлөвлөсөн байна.



Үндэсний бөхийн барилаанд улс, аймаг, сумын цолтой хүчит 120 бөх хүч үзэн барилдаж байгаагаас 21 нь улсын цолтой байна. Тухайлбал, улсын арслан П.Бүрэнтөгс, Харцага М.Бадарч нарыг дурьдаж болох юм. “Үндэсний спортын YI их наадам”-ын дүрмийн дагуу улс, аймаг, сумын цолтой болон дөрвөн тойргоор барилуулж байгааг зохион байгуулагчид хэллээ.



Мөн өдөр Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагчдын тэмцээн болж буй бөгөөд нийт 21 аймаг, нийслэлийн 2 дүүргээс ангилал тус бүрт 25 хүн оролцож байна. Тэмцээний шилдгүүд мөн маргааш тодроно.
Ч.Ариунболд
Связанные новости