Индонез улсыг зорих Монголын шигшээ багийн тамирчдад Төрийн далбааг нь гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-08-13 16:02:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Жакарта-Палембан-2018” Азийн зуны XYIII наадамд оролцох баг тамирчдаа өнөөдөр Спортын төв ордны "А" зааланд албан ёсоор үдэн гаргаж Монгол Улсын төрийн далбааг баг тамирчдад амжилт хүсэн өргөн барилаа.

Индонез улсын Жакарта болон Палембан хотноо наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 02-ны өдрүүдэд Азийн зуны XVIII наадам зохион байгуулах бөгөөд Ази тивийн 45 орны тамирчид 40 спортын 465 төрөл, ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.

Энэ удаагийн 18 дугаар
наадамд Монгол Улсын баг тамирчид спортын 30 төрөлд 269 тамирчин өрсөлдөх бөгөөд 128 дасгалжуулагч, албаны хүн, нийт 397 хүний бүрэлдэхүүнтэй өнөр баг оролцохоор бэлтгэл сургуулилтаа базаасан юм.                             

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Монгол Улсын багийн ахлагч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуйд Монгол Улсаа төлөөлөн хүч, хурд, ур чадвар, авхаалж самбаагаа сорих баг тамирчдын Индонезийн тэнгэрт өндөрт өргөх Алтан соёмбот төрийн далбааг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Азийн наадам оролцох тамирчдыг төлөөлж “-2017” ДАШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин П.Орхон тамирчдын тангарагийг өргөлөө.  Жакартагийн Азийн наадмын Монголын багийн хоёр дахь ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш, тугчаар үндэсний бөхийн улсын отгон харцага, чөлөөт бөхийн ОУХМ Н.Золбоо нар ажиллах юм.

Чөлөөт бөхийн баг тамирчид пүрэв гаригт Индонезийг зорих бөгөөд эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Н.Золбоо, 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 57 кг-д ОУХМ А.Батцэцэг, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг, 76 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар зодоглоно.

Чөлөөт бөхийн багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч П.Гансүх, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Л.Болормаа, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар ажиллана. Чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 19-22-нд “Jakarta Convention Center”-т болно.

 Д.Өлзий

Связанные новости