Оношлогоо эмчилгээг бүрэн хийх боломжтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 20:25:59

Баянхонгор аймгийн сумдын Эрүүл мэндийн төвүүд 3D ЭХО аппаратаар хангагдаж, лабораторийн 3-4 шинжилгээг сумдаа хийдэг болсноор 3 дах шатны лавлагаа төвүүдийг зорих иргэдийн тоо жилээс жилд буурч байна.

Мөн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийг оношилгооны төв болгон амбулаторийн барилгад 180 сая төгрөгийн их засвар хийж, нийт 1.3 тэрбум төгрөгийн 14 нэр төрлийн тоног төхөөрөмжийг суурилуулснаар Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт 95 хувь болжээ.

“Эрүүл өрх аян”-ны хүрээнд бүх нийтийн урьдчилан сэргийлэх үзлэгийг сумдад зохион байгуулж, үзлэгийн санжүүжилтэд орон нутгийн хөгжлийн сангаас 80 сая төгрөгийг зарцуулж, нийт иргэдийн 65 гаруй хувь нь хамрагдсан бөгөөд өвчин эмгэг илэрсэн иргэдийг дараагийн шатны үзлэг эмчилгээнд хамруулж байна.

Нэгдсэн эмнэлэгт Дэлхийн Зөн ОУ-ын байгууллага  болон ард иргэдийн хандиваар 105 сая төгрөгийн өртөгтэй 4D өнгөт ЭХО аппараттай болж, иргэд хөдөөнөөс хот руу ураг, нярайн болон дотрын өвчний оношилгоо хийлгэх чирэгдлийг бууруулах таатай нөхцөл бүрджээ. Мөн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт 48.0  сая төгрөгийн их засвар хийж, Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газраас 35 мянган долларын өртөг бүхий яаралтай тусламжийн багаж, тоног төхөөрөмжийг хандивласан байна.

Б.Мөнхзул

 

Related news