ХОВД: Цэрэг татлага энэ сарын 22-нд эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-12 15:23:24

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Ховд аймагт 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэх юм.

Одоогоор тус аймгийн Засаг даргын захирамжид үндэслэн цэрэг татлагыг зохион байгуулах ажлын баг байгуулсан ба 17 суманд тусгай хуваарийн дагуу ажиллахаар төлөвлөж байна.  

Тус аймгийн Цэргийн штабаас өнөөдөр хөдөөгийн сумдын ЗДТГ-ын дарга болон цэрэг татлагын товчооны эмч нарт зориулсан сургалт зохион байгуулж, зарим анхаарах асуудлын талаар зөвлөмж, мэдээлэл түгээлээ.  Мөн батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хүрээнд өнгөрсөн онд Ховд аймагт зохион байгуулсан томоохон ажил, үйл ажиллагааг танилцуулав.

Хуулийн дагуу цэргийн татлагад Монгол Улсын иргэн, 18-26 насны эрэгтэйчүүд хамрагдах бөгөөд тогтоосон өдөр, цаг хугацаанд цэрэг татлагын байранд ирсэн байх үүрэгтэй.

Ховд аймгийн нийт хүн амын 51.1 хувь буюу 45179 нь эрэгтэйчүүд юм.

Цэргийн алба хаасан байдлыг үзэхэд, 18-29 насныхан 5.3 хувь, 30-39 насныхан 25.4 хувь, 40-49 насныхан 33.5 хувийг эзэлж байна. Мөн 50-59 насныхан 20.8 хувь, 60-аас дээш насныхан 15 хувийг эзэлж байна. 

  

Related news