Хүний эрхийн үндэсний комиссын ажлын баг Өвөрхангайд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-04-17 08:28:18

Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын баг Өвөрхангай аймагт 2024 оны 4 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд ажиллалаа.


Энэ үеэр аймгийн төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж, Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах, хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр аймгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа болон уул уурхайн нөхцөл байдлыг онцгойлон анхаарч ажиллажээ.


Уулзалт болоод хяналт шалгалтын ажлын үр дүн, дүгнэлтийг аймгийн удирдлагуудад танилцуулж, санал солилцлоо. Аймагт хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн олон зөрчил байгаагаас эрүүлжүүлэх, баривчлах байрыг шинэчлэх, Баянтээгийн уурхайг улсын чанартай авто замд холбох хоёр асуудлыг Хууль зүйн байнгын хорооотой хамтран шийдвэрлэнэ гэдгийг ажлын багаас мэдээллээ.



Аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, Засаг даргын орлогч О.Сумьяасүрэн нар дээрх дүгнэлттэй холбогдуулан хариулт өгч, мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, ХЭҮК-оос зөрчил гэж тогтоосон агаарын бохирдол, хөрсний бохирдол, ундны усны эрүүл ахуй, хамгаалалт, Хужирт сумын төвийн ахуйн хог хаягдал, Баянтээг орчмын малчдын нөхцөл байдалд аймгаас тодорхой арга хэмжээ авч байгааг танилцууллаа. 

Related news