Ц.Золбадрал: Цөмийн эрчим хүчний бага чадлын станц байгуулахаар судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-17 15:02:05

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дэлхий нийт уламжлалт эх үүсвэр нүүрснээс татгалзаж, эрчим хүчний бусад эх үүсвэрт шилжиж байна. Ялангуяа Зүүн хойд Ази эрчим хүчний шинэ эх үүсвэрийн сүлжээ бүхий систем байгуулж, үүнд Монгол Улс ч багтан орж байгаа юм.


Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого “Алсын хараа-2050”-д хөгжлийн ойрын болон дунд хугацаанд эрчим хүчний бас нэг эх үүсвэр болох дэвшилтэт технологид суурилсан цөмийн эрчим хүчний шинэ үүсвэрийг нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг тусгасан. Энэ талаар буюу цөмийн энергийг ашиглах боломжийн талаар ШУА-д өнөөдөр эрдэмтэн судлаач, эрчим хүчний мэргэжилтнүүд хэлэлцлээ.


Манай улсад бага чадлын цөмийн эрчим хүчний үйлдвэр байгуулах нь эрчим хүчний эх үүсвэрийн хамгийн бодитоор хэрэгжих төслийн нэгд орж байна. Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал өнөөдөр болсон уулзалт хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ үүнийг онцолсон юм.

Улмаар хэлэлцүүлэгт "Бага чадлын цөмийн эрчим хүчний станц байгуулах эдийн засгийн хялбаршуулсан тооцоолол"-ын талаар шинжлэх ухааны доктор Ц.Золбадрал илтгэл тавьж судалгаагаа танилцуулав. Судалгааны нь талаар түүнээс тодрууллаа.


-Манай улсад Атомын цахилгаан станц байгуулах талаар нэг хэсэг ярьсан. Энд бага чадлын цөмийн эрчим хүчний станц байгуулах нь хамгийн тохиромжтой хэмээн яригдаж байна. Ийм станц ямар онцлогтой байдаг вэ?

-Манай улсын эрчим хүчний хэрэгцээ өнөөдрийн байдлаар 1.5 гегаватт орчим байгаа. Тиймээс 1.2 гегаваттын хүчин чадалтай том оврын станц барих нь хангалттай гэж үздэг байсан. Тэгвэл өнөөдөр ийм хүчин чадлын станцтай харьцуулж үзэхэд технологид нь ахиц дэвшил гарч өөрчлөгдөөд бага оврын станц барьж байгуулах явдал дэлхий нийтийн хандлага болж байна.


Бага оврын цөмийн энергийн станцыг бага зардлаар, түргэн хугацаанд барьж байгуулах боломжтой. Аюулгүй байдал талаас хуучны албадлагын актив байдлаар бус пассив шинжтэй буюу байгалийн церкуляцаар шийдэх боломжтой. Хүлэмжийн хий ялгаруулахгүй, энэ талын татвар төлөхгүй, түлшний хувьд нөөц сайтай (ялангуяа манай улс цөмийн эх үүсвэрийн нөөцтэй) зэрэг давуу талын онцлог бий.

Ер нь цаашдаа улс орнууд цөмийн станцуудаас илүү, нар, салхины сэргээгдэх хүчийг хосолсон байдлаар ашиглан эрчим хүчний хэрэгцээгээ хангахыг зорьж байна. Үүнд бага оврын цөмийн станцыг дэмжих байдлаар байгуулах нь тохиромжтой гэж үзэж байгаа юм.


-Зардал, санхүүжилт хэр байдаг вэ. Та бүхний судалгааны ажил одоо ямар шатанд явна вэ?

-Байгалийн ураныг гаргаж цаашид түлш үйлдвэрлэхэд боловсруулах зэргээр олон шат дамжлагаар явдаг учир зардал, үнэ нь өсөөд ирдэг. Ойролцоогоор нэг кг ураны хүдэр гаргалаа гэхэд буцаагаад түлш болгоход 15 кг-ыг зарж байж нэг кг түлш болох эдийн засгийн тооцоотой.


Бага чадлын цөмийн энергийн станцын ТЭЗҮ боловсруулах нэгж байгуулахаар ажиллаж байна. 


Олон улсын Атомын энергийн агентлаг, олон улсын зөвлөмжөөр 19 салбар чиглэлийн 69 дэд бүтцийн асуудлыг шийдэж байж, 5-6 жилийн дотор маш их судалгаа хийдэг. Тэгээд Засгийн газар нь манай улс цөмийн станц хэрэглэх эсэх талын шийдвэр гаргадаг. Мөн энд улс төрийн шийдвэр чухал хэрэгтэй. Энэ бүхний дараа харин станцаа барихад нэг их хугацаа ордоггүй. Одоо бид бага оврын цөмийн станц байгуулах талаар ДЦС-тай харьцуулан судалж, тооцоо гаргаж байгаа.

Бодлого, шийдвэрийн хувьд 2019 онд болон цар тахлын дараахан салбарын 3 сайдын хамтарсан ажлын хэсэг байгуулж, энэ талын судалгааг хийх хэрэгтэй гэсэн сайдуудын тушаал гарч эрдэмтэн, судлаачдын баг байгуулаад байна. ЭХЯ-ны ажлын хэсэгтэй хамтран станцын ТЭЗҮ боловсруулах нэгж байгуулах юм.


-ТЭЗҮ боловсруулаад, төр засгаас зөвшөөрч шийдвэр гарсны дараа барьж байгуулах төсөв санхүүжилт нь хэдий хэр байх вэ?

-ТЭЗҮ боловсруулах, төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах болон бүх судалгааны ажилд ойролцоогоор нийт 5.6 тэрбум төгрөг шаардагдана гэж үзэж байгаа. Үүний гуравны нэгийг Засгийн газар санхүүжүүлж, үлдсэнийг олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас гаргах боломжтой хэмээн тооцоолж байгаа. Станцыг 3-4 жилийн дотор барьж байгуулах юм гэв.


Судалгааны багт Цөмийн энергийн комиссын Ажлын албаны төлөөлөл, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн реакторын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаач нар ажиллаж байна.

Related news