БАЯН-ӨЛГИЙ: Цэргийн алба хаагчдад Номын булан байгуулж өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-18 15:08:00

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Төв номын сан энэ сарын 23-ны өдөр тохиох  дэлхийн номын өдрийг угтан тус аймаг дахь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид "Номын булан" байгууллаа.


Зэвсэгт хүчний 340 дүгээр анги нь аймгийн Төв номын сантай хамтран ажиллах гэрээ байгуулж, зөөврийн номын сангийн үйлчилгээг тогтмол авдаг байна. Иймээс "Дэлхийн номын өдөр"-ийг тохиолдуулан тус ангид номын булан байгуулахад зориулж аймгийн Төв номын сангаас 120 ширхэг ном хандивласан байна. Хандивын номын дээжийг номын сангийн захирал Д.Алтангүл гардуулав. 


Номын булан байгуулах үйл ажиллагааны үеэр аймгийн Төв номын сангийн номын санчид цэргийн алба хаагчдад байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж, номын сангийн каталогийн хэрэглээний тухай ойлголт өгөв. Мөн дэлхийн шилдэг уран зохиолын номуудаар үзэсгэлэн гаргаж, карт нээх үйлчилгээ үзүүллээ.


Аймгийн Төв номын сангаас "Дэлхийн номын өдөр"-ийг угтан өнгөрсөн долоо хоногт аймгийн Ахмадын хороонд номын булан нээхэд дэмжлэг үзүүлсэн байна. 

Related news