Д.Трампын хэргийг хянан хэлэлцэх шүүгчдийг сонгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-04-20 12:09:25

ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын түүхэнд эрүүгийн хариуцлагад татагдсан анхны ерөнхийлөгч асан болоод байгаа Дональд Трампын эсрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэх тангарагтны шүүгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь сонгожээ. 12 тангарагтны шүүгчээс гадна зургаан нөөц шүүгчийг сонголоо гэж шүүгч Хуан Мерчан өчигдөр мэдэгдэв.


Цагаан ордны тэргүүн асныг дөрвөн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд удахгүй болох эхний хурал нь порно жүжигчин Сторми Даниэлст 130 мянган ам.доллар төлснөө нуун дарагдуулсан хэрэгтэй холбоотой юм. Жилийн өмнө Манхэттэний прокурорууд Трампыг "төлбөрийн баримтыг нуун дарагдуулахын тулд хуурамч бичиг баримт үйлдсэн" гэж буруутгажээ.


Сонгуулийн сангуудын мөнгийг порно одод шилжүүлсэн нь

Д.Трамптай 2006 онд гольфын буяны тэмцээний үеэр танилцаж, эхнэр Мелания нь дөнгөж төрөөд байх үед түүнтэй нууц дотно харилцаатай байсан гэж Даниэлс мэдэгджээ. Тэрбээр 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр Трампыг илчилнэ хэмээн сүрдүүлсэн байна. Прокурорын мэдэгдсэнээр, сонгуулийн сангуудаас шилжүүлсэн 130 мянган ам.доллар бол дуугүй байсных нь төлөө Даниэлст өгсөн мөнгө байсан аж.


Д.Трамп өөрийгөө гэм буруугүй гэдгээ мэдэгдсээр ирсэн бөгөөд Даниэлстэй бэлгийн харьцаанд орсон гэдгээ ч мөн үгүйсгэсээр байгаа юм. Хэрэв Ерөнхийлөгч асан гэм буруутай нь тогтоогдвол шоронд хоригдож магадгүй байна. Шүүх хурал зургаагаас найман долоо хоног үргэлжлэх тул шүүхийн шийдвэр 2024 оны 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн гарна. 


Шүүхийн байрны гадна өөрийгөө шатаахыг оролдов

Энэ хооронд түүхэн хэргийн шүүх хурал болж буй Нью-Йорк хотын шүүхийн байрны өмнө нэгэн залуу өөрийгөө шатаасан байна. Гал биеийг нь бүрхэхэд уг залуу хэд алхаад газарт унажээ. Өөрийгөө шатаахаас өмнө тэрбээр өнгө өнгийн товхимолуудыг дээш шидсэн байна. Шүүхийн гадна эргүүл хийж байсан цагдаа нар галыг унтраасан бөгөөд залууг ойролцоох эмнэлэгт хүргэжээ.


Нью-Йоркийн цагдаагийн газрын удирдлага энэхүү хэрэг явдлын дараа хэвлэлийн бага хурал хийж, өөрийгөө шатаасан залуу Максвелл Аззарелло гэгч болохыг мэдэгдэв. 1987 онд төрсөн энэ залуу Флорида муж улсын Сент-Августин хотод амьдардаг. Тэрбээр дөрөвдүгээр сарын 13-нд Нью-Йоркт ирсэн бөгөөд гэр бүлийнхэн нь энд байгааг нь мэдээгүй бололтой. Түүний өөр дээрээ асгасан шатамхай шингэн нь спирт агуулсан цэвэрлэгээний бодис байжээ.


Албаны хүмүүсийн хэлснээр, тэрбээр хэн нэгэн рүү эсвэл хэсэг бүлэг хүмүүс рүү дайрах сэдэлгүй байжээ. Аззарелло хуйвалдааны онолыг шүтэгч нэгэн бөгөөд түүний үзэл бодол нь ийм алхам руу түлхсэн гэж албаныхан таамаглаж байна. 


Д.Трампыг дахиад гурван шүүх хүлээж байна

Дээр дурдсан хэргээс гадна Д.Трампыг дахин гурван хэрэгт буруутгаад байгаа юм. Тодруулбал, Жоржиа мужид болсон 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлөх гэж оролдсон, уг санал хураалтын дүнг хуурамчаар үйлдсэн гэх худал мэдээллийг санаатайгаар тараасан, Цагаан ордноос явсныхаа дараа Засгийн газрын нууц баримт бичгийг Флорида дахь Мар-а-Лаго эдлэндээ хууль бусаар хадгалсан хэрэгт буруутгасан байна. 


Эдгээр хэргийн шүүх хурал 11 дүгээр сарын сонгуулиас өмнө эхлэх эсэх нь тодорхойгүй байна.

Related news