Монголын баг шайбтай хоккейн ДАШТ-ний “D” дивизионы аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2024-04-20 11:59:08

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний шигшээ баг шайбтай хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “D” дивизионы аварга болжээ.


Шайбтай хоккейн Дэлхийн 4 дүгээр дивизионы аварга шалгаруулах тэмцээн Кувейт улсад 4 дүгээр сарын 16-нд эхэлсэн юм. Монгол Улсын хоккейчид тэмцээний нээлтийн тоглолтод Индонез улсын багийг 9:3-аар хожиж, улмаар тэмцээнийг зохион байгуулагч улс Кувейтын багийг 5:2-оор, мөн Малайз улсын багийг 14:2-оор илүүрхэн хожсоноор 4 дүгээр дивизионыг тэргүүлэн аварга болж, шайбтай хоккейн Дэлхийн гуравдугаар дивизионд дэвшиж тоглохоор боллоо. Ингэснээр Монголын хоккейчид анх удаа дэлхийн данстай тэмцээнд түрүүлж байна. Тэд өмнө нь тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.


Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирж байгаа бөгөөд залгуулаад энэ оны 4 дүгээр сарын 27-28-нд Узбекистан улсад болох 18 нас хүртэлх залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор энэ сарын 26-нд эх орноосоо мордох юм.

 

Related news