Ж.Од: Орон нутгийн шүдний кабинет анхан шатны эмнэлэгт хийх боломжтой тусламж үйлчилгээг үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-25 17:09:43

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг амны хөндийн эрүүл мэндийг онцгойлон анхаарч, сумдад шүдний кабинет ажиллуулж эхлээд байна. Энэ талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Одтой ярилцлаа.

 

-Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газар амны хөндийн эрүүл мэнд, шүд цоорох өвчлөлийг бууруулахад ихээхэн анхаарч аймаг, сумын удирдлагуудтай хамтарч "Шүдний тусламж, үйлчилгээний кабинет"-тай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэсэн. Энэ талаараа тодруулна уу?

-ДЭМБ-аас 2000 онд шүд цоорох өвчнийг олон шалтгаант халдварт өвчин хэмээн халдварт өвчний ангилалд оруулсан. “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд хийсэн судалгаанаас үзэхэд сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 2011 оны байдлаар 65-96 хувьтай байжээ. Өнөөдөр ч энэ тоо буураагүй болох нь 2018 онд 1190 хүүхдийн дунд явуулсан судалгаанаас харагдаж байна.


Тус судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 86.2 хувьтай, шүд цоорох өвчний эрчим 6.2 цла/ш буюу ДЭМБ-ын байгууллагын шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд өндөр түвшинд байна гэж үзэж байгаа. Мөн Боловсрол шинжлэх ухаан, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар "Эрүүл шүд" хөтөлбөр боловсруулсан. Түүнчлэн Эрүүл мэндийн яамнаас "Шүд эрүүл бол бие эрүүл" аяныг зарласан. Дээрх ажлуудын дүнд Шаамар суманд шүдний кабинетыг нээсэн. 


-Сэлэнгэ аймгийн 8 сумын ЭМТ дэргэдээ шүдний тусламж үйлчилгээний кабинеттай боллоо. Кабинеттай болсноор ямар үр дүн гарч байна. Хэчнээн хүн энэ үйлчилгээг авсан бэ?

-Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сумдыг шүдний эмчээр хангаж, шүдний кабинеттай болгоно гэж тусгасан. Энэ ажлын хүрээнд Шаамар суманд 8 дахь кабинетыг нээсэн. Мэдээж шүдний нарийн мэргэжлийн эмч тусламж үйлчилгээг үзүүлж эхэлснээр тухайн сумын болон тойргийн сумдын амны хөндийн тулгамдсан асуудал шийдэгдэх болно. Сумын эрүүл мэндийн төвд шүдний тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар авах боломжтой болж, хэн ч хаанаас ч очоод үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байгаа юм.  


Өнөөдрийн байдлаар Цагааннуур, Ерөө, Баянгол, Түнхэл, Сайхан, Алтанбулаг, Хэрх, Шаамар нийт эрүүл мэндийн 8 байгууллагын шүдний кабинетуудаар дунджаар өдөрт 120 гаруй, сард 2600 иргэн орон нутагтаа амны хөндийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг авч байна.


-Сэлэнгэ аймгийн хувьд шүдний өвчлөл хэр байдаг вэ? Мөн шүдний эмч нарын хүрэлцээ ямар байдаг вэ?

-Манай аймгийн хувьд шүдний өвчлөл өнгөрсөн онтой харьцуулахад шүдний цоорох өвчний хүндрэлээс эрүүл мэндийн байгууллагад хандах нь багасч байгаа тоо харагдаж байна. Энэ нь шүд цоорох өвчнийг эрт үедээ эмчлүүлэх иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшилж байгаатай холбоотой.


Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй хүн амын эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгтэй хамааралтай юм. Манай аймгийн хувьд улс болон хувийн хэвшилд нийтдээ 25 шүдний эмч ажиллаж байгаа. Энэ нь хүн амд энэ чиглэлийн тусламж үйлчилгээг бүрэн хүргэхэд хангалтгүй байгаа юм. Манай салбарын зүгээс цаашлаад шүдний кабинетын тоог нэмэгдүүлэх бодлого барин ажиллаж байна.


-Амны хөндийн эрүүл мэндээс бусад бүх зүйл шалтгаалдаг гэж мэргэжлийн хүмүүс анхааруулдаг. Кабинеттай болох нь зүйн хэрэг, цогц ямар үйлчилгээг энд явуулж байгаа вэ?

-Сүүлийн үед мэргэжлийн эмч нарын хийсэн ганцхан судалгаанаас дурдахад цоорсон шүдтэй хүүхэд эрүүл шүдтэй хүүхдээс бие бялдар, өсөлт хөгжил нь хэвийн бус байх магадлал 1.3 дахин их болохыг тогтоосон. Түүнчлэн 5 настай эрүүл шүдтэй хүүхдийг ижил насны цоорсон шүдтэй хүүхэдтэй харьцуулахад биеийн жин нь 1.6 килограммын зөрүүтэй байсан. Харин өндрийн үзүүлэлт нь 0.8 сантиметрийн өөрчлөлттэй гэсэн дүн гарсан байдаг.


Иймд шүд цоорох өвчин нь зөвхөн хоол боловсруулах эрхтэн системийн өвчин бус хүүхдийн өсөлт хөгжилтөд хүртэл нөлөөлдөг байна.

Одоогоор ажиллаж байгаа орон нутгийн 8 кабинет нь урьдчилан сэргийлэх үзлэг, шүд цоорох өвчний эмчилгээ, жижиг мэс ажилбар, шүд авалт зэрэг анхан шатны эмнэлэгт хийх боломжтой тусламж үйлчилгээг үзүүлж байна. 

関連ニュース