Б.Лхагвасүрэн: АНУ-ын худалдааны бодлогоос шалтгаалж долларын ханш чангарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-27 17:07:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Валютын ханш өнөөдрийн байдлаар нэг ам.долларыг 2.610 төгрөгөөр авч, 2.614 төгрөгөөр борлуулж байна. Монголбанкны зарласан ханш 2.596 төгрөг бөгөөд энэ ханшийг өнгөрсөн оны яг өдий үед нэг ам.доллар 2.444 төгрөгтэй тэнцэж байсантай харьцуулахад валютын ханш 6.25 хувиар өсөөд байна.

Ханштай холбоотой валютын нөөц дундарсан уу, ОУВС-гаас энэ талаар ямар шаардлага тавьж байгаа гэсэн асуултад Монолбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулахдаа, “Монголбанкны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан ил тод байдаг учир валютын нөөц зэргийг үүнээс ерөнхийд нь харж болно. Бид тайлангаа жил бүр олон улсын аудитын хөндлөнгийн байгууллагаар хийж гаргадаг. Улирал бүрийн тайланг тодорхой хэмжээгээр УИХ-д болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр танилцуулдаг.

Монголбанкны валютын нөөц өнөөдөр 3.4 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Тиймээс валютын нөөц хомсдсоноос ханшид нөлөөлж байна гэсэн зүйл байхгүй. Валютын ханшийн талаар хэлэхэд угаасаа, дэлхийд нийтэд АНУ-ын гадаад худалдааны бодлогоос шалтгаалж байна.

Дээр нь АНУ-ын Төв банк өөрийн бодлогын хүүгээ байнга өсгөж ирлээ. Энэ жилийн хувьд 3 дахь удаагаа өсгөсөн. Одоо бодлогын хүү нь 2.25 хувь болчихсон байгаа. Урт хугацаатай буюу Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондынх нь хүү 3 хувь болчихсон учир дэлхийгээс буюу жишээ нь, манайх шиг хөгжиж буй улс орнуудаас АНУ-руу эргээд мөнгө татагдаж байна. Үүнтэй холбогдоод дэлхийн олон улс оронд ам.долларын ханш чангарч байна. Түүнтэй адил үйл явц манай улсад мөн адил болж байна. Гэхдээ мэдээж Монголд валютын ханшийн хэлбэлзэл огцом чангарах юм уу өндөр савлагаа үүсэхийг Монголбанкны зүгээс бас хүсэхгүй, зөвшөөрөхгүй. 

Ер нь эдийн засаг руу мөнгө урсдаг хоёр гарц байдаг. Нэг нь улсын төсөв, хоёр дахь нь санхүүгийн салбарын буюу арилжааны банкуудаар дамждаг мөнгөн урсгал юм. Саяхан баталсан улсын төсвийн зардлын хэсэг нь 11.6 их наяд төгрөг байгаа нь сүүлийн хэдэн жилд манай улсад байгаагүй өндөр төсөв юм. Хэдийгээр алдагдал нь ДНБ-ний 5.6 хувийг эзэлж, 2016 оныхтой харьцуулахад 4 дахин багасаад байгаа гэх боловч зардал улам нэмэгдсээр байна. Энэ нөхцөлд төсвийн болон мөнгөний бодлогын уялдаа хоорондоо нийцэх эсэх дээр хэцүү. Төсөв ингэж их тэлж байхад мөнгөний бодологын хувьд тэлэх орон зай байхгүй болж байгаа юм. Энэ үүднээс ОУВС-гаас мөнгөний бодлогыг хатуу барихыг зөвлөж, ийм талын шаардлагыг нэг талаар тавьж байгаа юм. Бидний зүгээс өнөөдрийн эдийн засгийн сэргэж буй байдлыг хэвээр нь хэрхэн, яаж хадгалах, дээр нь Монголбанкны зүгээс зээлийн хүүг бууруулах стратегийг батлаад байгаа үед мөнгөний бодлогыг хатууруулах шаардлагын зохицолдоог яаж хангах гэдэг дээр ажиллаж байна” гэв.

Тодруулга: Өнөөдөр Монголбанкны зүгээс бодлогын хүүгээ өсгөсөн нь үндэсний мөнгөн тэмдэгтийг хамгаалах нэг арга гэж харах хэрэгтэйг мэдэгдэж байна. Ханшийг тогтворжуулахын тулд аль ч орны Төвбанк авч хэрэгжүүлдэг үндсэн хэдэн арга байдаг. Хоёрт, Монголбанк оны эхнээс 979 сая ам.долларын интервенци хийсэн гэж байна. Нөгөө арга нь бодлогын хүүгээ нэмэгдүүлэх явдал гэж үзэж байгаа юм.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ