Испанид битүү орчинд амны хаалт зүүх журмыг цуцална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-04-07 16:57:35

МАДРИД. /The Local/. Испанид битүү орчинд амны хаалт зүүх журмыг Улаан өндөгний баярын амралтын дараа буюу дөрөвдүгээр сарын 20-ноос цуцлах саналыг Засгийн газарт хүргүүллээ гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Каролина Дариас лхагва гарагт мэдэгджээ.


Хүн амын дархлаажуулалтын түвшин өндөр байгаатай холбоотойгоор нөхцөл байдал нааштай болж байгааг тэрбээр тодотгон хэлжээ. Гэхдээ нийтийн тээврийн хэрэгсэл, эмнэлэг, асрамжийн газар зэрэг тодорхой газруудад амны хаалт зүүх шаардлагыг үргэлжлүүлэн тавих төлөвтэй байна.


Испанид битүү орчинд амны хаалт зүүх журмыг 2020 оны хавраас хойш анх удаагаа цуцлах гэж буй нь энэ юм. Эрх баригчид задгай талбайд амны хаалт зүүх журмыг хоёрдугаар сараас цуцалсан юм. Цар тахал дэгдсэнээс хойш улсын хэмжээнд “COVID-19” халдварын 11 578 653 тохиолдол илэрч, 102 747 хүн нас баржээ. 


Энэ оны эхээр коронавирусний халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын тархалтын улмаас Испанид өвчлөл урьд бүртгэгдээгүй өндөр үзүүлэлтэд хүрсэн ч түүнээс хойш халдварын үзүүлэлтүүд эрс буурч, одоогоор “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 3.5 хувийг эзэлж байна. 

Холбоотой мэдээ