Дэлхий даяар “COVID-19” халдварын тохиолдлын тоо 500 сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-04-13 10:26:21

НЬЮ-ЙОРК. /CGTN/. Дэлхий даяар илэрсэн “COVID-19” халдварын тохиолдлын тоо мягмар гарагт 500 сая давсан талаар Жонс Хопкинсын нэрэмжит их сургууль мэдээлэв. 


Тодруулбал, цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн хэмжээнд халдварын 500 074 490 тохиолдол илэрч, 6 183 035 хүн халдвараар нас баржээ. 


“COVID-19”-ийн халдвар авсан, нас барсан тохиолдлын тоогоороо нэгдүгээрт жагсаж байгаа АНУ-д 80 456 912 тохиолдол илэрч, 986 019 хүн нас барсан нь дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын 16 гаруй хувьтай тус тус тэнцэж байна. 


Тус улсын араас халдварын 43 сая гаруй тохиолдол илэрсэн Энэтхэг, 30 сая гаруй тохиолдол илэрсэн Бразил бичигдэж байна. Бразилын хувьд халдвараар нас барсан тохиолдлын тоогоороо /661 576/ мөн хоёрдугаарт жагсаж байгаа юм.  


Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Франц, Герман, Орос, БНСУ, Итали зэрэг оронд халдварын 15 саяас дээш тохиолдол илэрсэн байна. 


Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар илэрсэн халдварын тохиолдлын тоо 2021 оны нэгдүгээр сарын 26-нд 100 сая, наймдугаар сарын 4-нд 200 сая, 2022 оны нэгдүгээр сарын 6-нд 300 сая, хоёрдугаар сарын 8-нд 400 сая давжээ. 


Саяхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус өвчлөл, нас барсан тохиолдлын тоо буурч байгаа хэдий ч цар тахал дуусах болоогүй байгааг анхааруулсан юм. 


“COVID-19” нь дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын бүтэц дэх ноцтой цоорхойг илрүүлж байгааг тэрбээр онцлоод, дэлхий нийтээр ирээдүйд гарч болзошгүй эрүүл мэндийн хямралд бэлтгэхийн тулд энэ цар тахлаас суралцах хэрэгтэй байна хэмээн хэлжээ.


Т.Гебрейесус мөн вирусний эсрэг хариу арга хэмжээ авахын тулд нэгдмэл байхыг уриалаад, ялангуяа вакцинжуулалтын ялгаатай байдал нь “COVID-19”-ийн эсрэг тэмцэлд саад учруулж буй сорилт болохыг онцлон өндөр орлоготой зарим оронд вакцины дөрөв дэх тунг тарьж байхад дэлхийн хүн амын гуравны нэг нь вакцинд хамрагдаагүй байгааг сануулсан байна.

Холбоотой мэдээ