The Diplomat: Монгол Улс феминист гадаад бодлого руу чиглэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-07 16:44:03

ВАШИНГТОН. /The Diplomat/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг зургаадугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг  зохион байгууллаа. Энэхүү уулзалтад  Франц, Герман, Индонез, Лихтенштейн, ӨАБНУ-ын Гадаад хэргийн сайд нар, мөн олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцсон юм. 


Уулзалтад оролцогчид уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэгтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж, “Улаанбаатарын тунхаглал”-ыг баталсан юм.  Ийнхүү НҮБ-ын дэргэдэх “Феминист гадаад бодлогын бүлэг”-т саяхан нэгдээд буй Монгол Улс нь олон тулгуурт үзэл, гадаад бодлогод  феминист, жендэрийн өөрчлөлтийг хөхиүлэн дэмжихэд хувь нэмрээ оруулна гэдгээ зарлан тунхаглаж байна.


Феминист гадаад бодлогын зорилго нь илүү өргөн хүрээний оролцоог хамруулж гаргасан шийдвэр нь илүү тогтвортой, дипломатч, энх тайванч үйл хэрэгт хүргэнэ гэсэн батлагдсан мэдлэгт үндэслэн эмэгтэйчүүд, ялгаварлан гадуурхагдсан бүлгүүдийн эрх, нөөц бололцоо, төлөөллийг хүчтэй болгоход оршино. Германы Засгийн газар 2021 оны сүүлчээр феминист гадаад бодлого (ФГБ) хэрэгжүүлэх амлалт авсан долоо дахь улс болсон юм. Үүнээс хойш Чили, Нидерланд зэрэг бусад хэд хэдэн улс амлалтаа зарласан билээ.


Эдгээр улс нь төр засгийн бус  харин хүмүүсийн эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг аюулгүй байдлын талаарх шинэ сэргэг ойлголтыг сурталчлан түгээх шинэчлэлийн клубт нэгдсэн юм. Засгийн газруудын хувьд энэ нь статус кво, үндэсний ашиг сонирхол, бусад улстай өрнүүлэх харилцаагаа хадгалахыг эрмэлзэнэ гэсэн үг юм. ФГБ-ын хэрэгжилт, чиглэл улс орон бүрд өөр өөр байж болох ч суурь өөрчлөлт хийхэд чиглэсэн хэвээр байна.


Зарим хүмүүс феминист гадаад бодлогыг төрийн чиг баримжаагаар хэрэгжүүлэх нь феминизмын тухай “цагаан арьст Өрнөдийн” ойлголтыг түгээх эрсдэлтэй гэж эмээдэг. Эдгээр шүүмжлэгчид ФГБ-ыг Герман, Нордикийн орнуудын хувьд “хуруугаараа дохих төдийд хэрэгжинэ” гэж харж байна. Гэтэл Өрнөдийн бус гэгддэг олон улс орон энэ асуудлаар Европын орнуудаас хол түрүүлэн алхаж байна. Анналена Бербок бол Германы Гадаад хэргийн анхны эмэгтэй сайд бол Б.Батцэцэгийн хувьд Монголын Гадаад харилцааны гурав дахь эмэгтэй сайд гэдгийг хэлэх нь зүйтэй. Германы Гадаад хэргийн яам нь эрэгтэйчүүд давамгайлсан гэдгээрээ алдартай.


Дэлхийн өнөөгийн нөхцөл байдлыг харахад феминист гадаад бодлого нь “биелэшгүй” мэт санагдаж байна гэж эсэргүүцдэг хүмүүс бий. Ши Жиньпин, Владимир Путин зэрэг авторитар хүчирхэг удирдагчид олон улсын дэг журмын ирээдүйг тодорхойлох эрхтэй мэт  авирлаж, цэргийн хүч дипломат харилцаа, эдийн засгийн харилцааг нухчин дарж,  үндэсний эрх ашгийг хүний эрхээс дээгүүр тавьж байна. Эдгээр сэтгэл түгшээсэн чиг хандлагын дунд ФГБ нь "тэнгэрийн мандал дээрх бялуу" мэт санагдаж магадгүй юм.


Феминист гадаад бодлогын зорилго нь эрх мэдлээр далайлгах, эрх мэдлийг төвлөрлүүлэхийн эсрэг эм болдог нь үнэн. ФГБ нь эрх тэгш түншлэлийг цогцлоож,  чухал ач холбогдол өгдөггүй улс орнуудад олон улсын улс төрийн дотоод хүрээлэлд нэвтрэх боломжийг олгож, улмаар газарзүйн байрлал болон эдийн засгийн  сонирхлоор үүссэн эвслүүдэд зонхилдог дэлхийн тэгш бус байдлыг даван туулахад тусална. Тийм ч учраас өнөөгийн цаг үед маш чухал хэрэгцээтэй байгаа  дэлхийн нийтлэг үнэ цэнийг бэхжүүлнэ.


Гэхдээ олон талаараа ФГБ-ын арга барил, мэдрэмж нь цаг үетэйгээ нийцдэг.  Аливаа хямрал нь газарзүйн байрлал, эдийн засгийн  салбараар хязгаарлагдахаа больсон тул  зэвсэгт мөргөлдөөнд үзүүлэх хариу арга хэмжээнээс давж цаг уурын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал зэрэг эрсдэлүүдийг иж бүрэн байдлаар шийдвэрлэх цогц арга барилыг санал болгодог аюулгүй байдлын талаарх өргөн хүрээний ойлголт юм. Феминист гадаад бодлого нь геополитикийн ашиг сонирхолд үйлчилж чадна гэдгийг хүлээн зөвшөөрөх нь  зарим хүмүүсийн хувьд “гашуун эм” байж магадгүй ч, хэтдээ үр өгөөжтэй байж чадна.


Орос, Хятадын дунд хавчуулагдсан, далайд гарцгүй Монгол Улс хоёр хөршөөсөө ихээхэн хамааралтай. Хүнсний хомсдол, үнэ, валютын ханшийн хэлбэлзэлд ихээхэн өртөмтгий тус орны хувьд Украинд халдан довтолсон Оросын дайнаас үүдэлтэй эдийн засгийн нөлөөлөл асар их байлаа. Тал хээр зонхилсон газар нутаг бүхий энэ улсад цаг уурын өөрчлөлт, тэр дундаа цаг агаарын эрс тэс үзэгдлүүд гүн гүнзгий ул мөр үлдээн, байдал улам бүр хүндэрч байна.


Үүнээс гадна, геополитикийн динамик нь тус улсад нүүрлэж буй байнгын “Дамоклийн сэлэм” (гарцаагүй нөмрөх аюул занал)  юм. “Гуравдагч хөрш”-тэйгээ түүхэн сайн харилцаатай байсаар ирсэн Монгол Улс тусгаар тогтнолоо бататгахын тулд  хөршүүдээсээ хөндийрөлгүйгээр бусад улс гүрнүүдтэй эвлэлдэн нэгдэх нь нь чухал ач холбогдолтой гэдгийг мэдэрдэг.


Монголд үзүүлж буй Орос-Украины дайны нөлөөлөл нь өнөөгийн хямралууд хоорондоо хэр уялдаатайг харуулж байна. Феминист гадаад бодлого нь аюулгүй байдлын талаар цогц ойлголттойгоор үүнийг анхаарч, цогц шийдлийг санал болгохыг эрмэлздэг. Гэхдээ зөвхөн үүгээр зогсохгүй. Янз бүрийн эвсэл, холбоод улам бүр нэмэгдэж байгаа энэ үед ФГБ нь “гадуурхагдсан” улс орныг хэлэлцэх асуудлуудад татан оролцуулах, жендэрийн асуудлаас хальсан олон талт хамтын ажиллагаа өрнүүлэх боломж олгож байна.


Иймээс феминист гадаад бодлого хэрэгжүүлэх үүрэг авсан Ази тивийн анхны орон болох Монгол Улсын хувьд Орос, Хятадыг цухалдуулахгүйгээр эрх тэгш хамтын ажиллагааг өргөжүүлж, шаардлагатай анхаарлыг татах боломж байж болох юм.


Энэхүү нийтлэлийг бичсэн Леони Стамм нь феминист гадаад бодлогын сэдвээр дагнан ажилладаг Германы Гадаад харилцааны зөвлөлийн (DGAP) Европын ирээдүйн төлөөх Альфред фон Оппенхайм төвийн эрдэм шинжилгээний ажилтан юм.

Холбоотой мэдээ