БАЯНХОНГОР: Шинээр нэвтрүүлэх 59 үйлчилгээний судалгааг авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-12-01 16:35:31

Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. "И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын төслийн менежер Д.Батчимэгээр ахлуулсан баг 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдөр Баянхонгор аймагт ажиллалаа.


Ажлын багийнхан төрийн үйлчилгээний ХУРДАН цэг, сумдын операторууд, төрийн үйлчилгээний хүсэлтийн бүртгэл хяналтын систем (services.e-mongolia)-ийн эрх бүхий шийдвэрлэх албан хаагчдад систем ашиглалтын сургалт, төрийн байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн системийн сургалтыг хийжээ.


Мөн төрийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйлчилгээнүүдэд шинжилгээ хийж шинээр нэвтрүүлэх боломжтой үйлчилгээг судлах, төрийн үйлчилгээний хэрэглээний талаар тандалтын судалгаа хийх, төрийн албан хаагч болон иргэдийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулсан байна.


Энэ хүрээнд Баянхонгор аймгийн төрийн байгууллагын газар, хэлтсийн дарга нартай уулзалт хийж, төрийн 22 байгууллагын санал хүсэлтийг сонсон E-Mongolia системд нэвтэрсэн 31 үйлчилгээг дахин загварчилж, шинээр нэвтрүүлэх 59 үйлчилгээний судалгааг авчээ.


Түүнээс гадна ахмад настнуудад "Ухаалаг утасны хэрэглээ, E-Mongolia аппликэйшн ашиглалт" сэдэвт сургалт хийж, “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын мэргэжилтнүүд E-Mongolia системийн танилцуулга болон 3.0 нэмэлт үйлчилгээ зэрэг агуулгыг багтаасан багц мэдээллийг иргэдэд өгсөн байна.



Сонирхуулахад, Одоогийн байдлаар давхардаагүй тоогоор орон нутгийн 145 үйлчилгээ цахимжсан ч аймгууд харилцан адилгүй байдлаар E-Mongolia платформд үйлчилгээгээ нэвтрүүлжээ. Баянхонгор аймаг 31 үйлчилгээг цахимжуулаад байгаа юм.


Өнөөдрийн байдлаар E-Mongolia платформд нийт 86 байгууллагын 1106 үйлчилгээг нэгтгэж, Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 72 хувь буюу 1.7 сая хэрэглэгчтэй болж, 36.5 сая удаагийн төрийн үйлчилгээг цахимаар үзүүлж, 706.9 тэрбум төгрөгийг иргэдээс хэмнэсэн байна.

Холбоотой мэдээ