БАЯНХОНГОР: Аяны хүрээнд сурагчдад "Үнэгүй такси" үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-12-07 12:08:30

Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн "Номун далай" цогцолбор 100 жилийн ойгоо угтан "Харилцаа, хандлага, хариуцлагаараа уралдъя" аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд анги хамт олноороо нэгдэн сайн үйлсийн үйл ажиллагааг өрнүүлж байгаа юм.


Энэ хүрээнд Ч.Очгэрэл багштай 8а ангийн хамт олны санаачилгаар "үнэгүй такси" үйлчилгээг эхлүүлжээ. Хүүхдүүдийнхээ сайн үйлсийн аяныг дэмжин эцэг эхчүүд нь ажлын цаг зав, хүүхдээ хичээлд нь хүргэх, авах зуураа "үнэгүй такси" үйлчилгээг хүргэж байгаа аж.


Алхаж явдаг, хол гэртэй хүүхэд байвал "Номундалай 8а - Үнэгүй такси" гэсэн унаанд суух боломжтой. Эцэг эхчүүд хүүхдүүдэд зөвхөн таксигаар үйлчлэх биш хүүхэд өөрийн эрүүл мэндээ, аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар зөвлөмж захиас хэлж буйгаараа онцлог.


8а ангийнхан хэлэхдээ, "Хүүхдүүдээ огт танихгүй хүн хэзээ нэг цагт таараад хүргээд өгье гэвэл огт итгэж болохгүй, машинд нь сууж болохгүй шүү. Харин манай таних тэмдэг бүхий машинд аяны хугацаанд үнэгүй суугаарай" гэв.


"Харилцаа, хандлага, хариуцлагаараа уралдъя" аян энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх аж.

Холбоотой мэдээ