БАЯНХОНГОР: Мэргэжилтнүүдийг сургаж, туршлага судлуулахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-12-08 13:48:31

Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ниншя Хуй мужийн Гадаад харилцааны газрын дэд захирал Жан Ливейгээр ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Баянхонгор аймагт ажиллалаа. 


Төлөөлөгчид Баянхонгор аймгийн удирдлагуудтай уулзалт хийн, хоёр талын хамтын ажиллагааны асуудлууд болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар санал солилцов. Мөн Баянхонгор сум, Богд, Шинэжинст сумын, ойн зурвас,  мод үржүүлгийн талбай, ойн ангиуд, говийн бүсэд ажиллаж, арга зүйн зөвлөгөө өгч, хөрсний бүтэцтэй танилцан сайн туршлагаа хуваалцсан байна.


Айлчлалын хүрээнд Ниншя Хуй мужтай санамж бичиг байгуулах, тус оронд мэргэжилтнүүдийг сургаж, туршлага судлуулахаар болсны зэрэгцээ Баянхонгор аймагт 3000 модны суулгац, Сум дундын ойн анги болон Богд сум, Шинэжинст суманд усалгааны систем болон үр, үрсэлгээ зэргийг хандивлахаар боллоо.


Ажлын багийнхан говьд ихээр ургасан Заг модны үндсэнд эмийн ургамал тарьж, эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх боломжтойг хэлээд, Хармаг модыг цөлжсөн сумдад ихээр тарьж ургуулан, элсний нүүдлийг тогтоон барьж экологийн байдлаа сайжруулсны дараа өөр төрлийн мод, ургамал тариалахыг зөвлөсөн байна.


Улсын хэмжээнд 2022 оноос хойш 42 сая орчим мод тарьсан. Тарьц ургацын нөөц 4-5 дахин нэмэгдсэн бол Баянхонгор аймаг "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарихаар төлөвлөсөн бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд 22 мянган мод тарьж, 600 кг үрийн нөөц бүрдүүлээд байна.


Тус аймагт 6, 7 дугаар сард БНХАУ-аас 30 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, ой, тал хээрийн судалгааг хийжээ.


Баянхонгор аймгийн эко байдал, хөрсний бүтэц, ямар ургамал тарих боломжтойг судлах, орон нутгийн температур, хур тунадасын хэмжээ гэх мэт датад суурилж тарихад тохиромтой ургамал модыг санал болгох зорилготойгоор Ой мод бэлчээр, цөлжилтийн асуудлаар мэргэшсэн баг ийнхүү Баянхонгорт ажиллав.



Холбоотой мэдээ