Цагаан зудын байдалд 40 сум байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-12-12 16:11:05

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас мэдээлснээр 11 аймгийн 40 сум цагаан зудын, 11 аймгийн 48 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.  Энэ нь өмнөх 10 хоногтой харьцуулахад зудын байдалтай сумдын тоо 10 сумаар нэмэгджээ.


Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Өндөрхангай, Тэс, Давст, Говь-Алтайн Баян-Уул, Тайшир, Завханы Тэс, Архангайн Цахир, Тариат, Өвөрхангайн Хужирт, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Хишиг-Өндөр, Хангал, Төвийн Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Дорноговийн Иххэт, Дэлгэрэх, Айраг, Алтанширээ, Хэнтийн Дархан, Галшар, Сүхбаатарын Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Мөнххаан суманд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрджээ.


ОБЕГ-аас Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийжээ.




Говь-Алтайн Хөхморьт, Жаргалант, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Сантмаргац, Баянхайрхан, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Яруу, Сонгино, Отгон, Архангайн Хайрхан, Эрдэнэмандал, Өвөрхангай аймгийн Хархорин, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Булганы Булган, Сэлэнгийн Түшиг, Хүдэр, Цагааннуур, Хушаат, Орхон, Төвийн Өндөрширээт, Алтанбулаг, Лүн, Бүрэн, Аргалант, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Жаргалтхаан, Өлзийт, Баян-Овоо, Баян-Адрага, Батноров, Өндөрхаан, Баянмөнх, Сүхбаатарын Онгон, Баруун-Урт, Дарьганга, Эрдэнэцагаан, Наран, Дорнодын Халхгол, Сэргэлэн, Гурванзагал, Булган, Матад сум цагаанаар зудархуу байдалтай байна.


Ийнхүү 21 аймгийн ихэнх сум зудтай байгаа тул УОК-оос Шуурхай штабыг байгуулаад байна. Шуурхай штаб нь аймаг, нийслэл, сум дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлагийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, удирдлага зохицуулалтаар ханган ажиллах юм.

Мөн мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, Засгийн газар, УОК-ыг шуурхай мэдээ, мэдээллээр хангаж, Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлэх зорилготойг ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ