Хөвсгөл аймгийн органик бүтээгдэхүүний жагсаалт 10-аар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-04-26 15:11:43

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нар энэ долоо хоногт “Хөвсгөл Органик-2024” нэрийн дор цугларч бүтээгдэхүүнээ танилцуулан сурталчлав.

 

Тус аймгаас гаралтай бүтээгдэхүүн, ялангуяа хүнсний бүтээгдэхүүн нь байгаль орчинд ээлтэй, байгалийн баялаг, нөөцөө хадгалан хамгаалах, үр дүнтэй үйлдвэрлэл эрхлэхэд чиглэж байна. Хэрэглээний гол хандлага үүнд чиглэж буйг Хөвсгөл аймгаар орж гарч буй хүн бүр мэдэрдэг болсныг нутгийн алба, аминыхан хэлж байна.

 

Хөвсгөл аймгийн ХХААГ-ын дарга Я.Эрхэмбаяр, манай аймаг аялал жуучлалын эко бүс нутаг учраас бүтээгдэхүүн нь эрүүл чанартай байх ёстой. Хэрэглэгч нарт баталгаатай хүнс нийлүүлэх бидний хамгийн том суурь нь энэ юм гэдгийг тодотгон хэлж байна. Тэрбээр, тус аймагт одоогоор барааг бүтээгдэхүүнд органик баталгаажуулалтыг хийх эрх авсан гурван компани бийг хэлээд, цаашид аймгийн олон ААН, компани ийм баталгаажуулалтын эрх авахаар зорин ажиллаж байна гэв. 

 

Тухайлбал, “Цагаан уул” үүлдрийн хонины органик махны баталгаажуулалтыг хийжээ. “Хөх сувд” жимсний цех бүтээгдэхүүнээ мөн баталгаажуулаад, дотоодын зах зээлд худалдаж байна. Мөн ноолууран бүтээгдэхүүн дээр органик баталгаажуулалтыг хийжээ. Үйлдвэрлэлийн явц, үйл ажиллагааг мөшгөн мөрдөх тогтолцоогоор QR код уншуулж, тухайн малчин өрхөөс гарсан ноолуураар сүлжсэн органик бүтээгдэхүүн энэ юм гэдгийг баталгаажуулж байна.

 


“Хөвсгөл далай ээж нийгэмлэгийн”-ийн тэргүүн, биологийн ухааны доктор Ж.Оюумаа: Дэлхийн шим мандлын дархан газарт амьдардаг бидэнд органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх суурь нь бий.

 

Ренчинлхүмбэ суманд “Дархад”, “Шишгэт” цайнд хамтын баталгаажуулалт хийгээд хөндлөнгийн болон мэргэжлийн байгууллагаар органик болохоо батлуулна. Ийм байдлаар олон найдвартай органик бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна гэв.  

 

Ийм байдлаар “Органик шошиг”-той бүтээгдэхүүнээр Хөвсгөл аймаг орон нутагт тэргүүлж буйг ХХААХҮЯ-ны хэлтсийн дарга О.Онон хэлээд, одоо органик үйлдвэрлэлийг худалдан авалтаар дэмжих нь чухал байгааг онцоллоо.

Органик гэдэг нь зөвхөн эрүүл аюулгүй хүнс үйлдвэрлэх гэдэг агуулгаар ярих зүйл биш.

Дээр дурдсан шиг байгаль орчинд ээлтэй, байгалийн баялгийг хадгалах, хамгаалах үр дүнтэй үйлдвэрлэлийн чиглэл, хэрэглээний гол хандлагад оршиж байна. Хөвсгөлийн өөшилсөн загас, жимсний чанамал, “Тайга”, “Хөвсгөл” цай араасаа олон “дүү” дагуулжээ. Чацаргана, аньсны цэлцгэнүүр, борц, таван цулын бэлэн хоол, хоолны бэлэн хачир, олон үртэй, самартай талх, сарлагийн сүүн зайрмаг гээд органик бүтээгдэхүүний жагсаалт өргөжиж байна.  

 

Хөвсгөл аймаг жилдээ хөдөө аж ахуйн гаралтай 422 тэрбум төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Зөвхөн мах нийлүүлэлтээр 1.8 сая 240 тэрбум төгрөгийн орлого олж байна. Органик хүнс үйлдвэрлэлээ өргөжүүлж, олон улсын зах зээлд гаргах зорилттой ажиллаж байгааг үйлдвэрлэгч нар “Хөвсгөл Органик-2024” зөвлөгөөний үеэр танилцууллаа. 

Холбоотой мэдээ