БУЛГАН: “Монгол хэл-Унших бичиг”-ийн масс олимпиадад 4535 сурагч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-12-12 23:21:32

Булган, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газраас 16 сум, 1 тосгон болон аймгийн төвийн бага боловсролын II-V ангийн бүлгүүдийн дунд “Монгол хэл-Унших бичиг”-ийн олимпиад зохион байгуулж, 174 бүлгийн 4535 суралцагч оролцсон байна.

“Булган хангайн хөгжлийн төлөө сан” төрийн бус байгууллагын нэрэмжит бага боловсролын масс олимпиад нь сургалтын чанарт ахиц гаргах, арга зүйг дэмжих, хичээл сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах болон суралцагчдын ойлгож унших, илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилготой аж. Олимпиадыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд ингэснээр хүүхэд бүрийн түвшинг тогтоож, багш, эцэг эхийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна.






Холбоотой мэдээ