“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-01-06 14:18:16

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нураах ажил энэ сарын 5-нд эхэлжээ.


Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхны хамт газар дээр нь ажиллалаа.


Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрладаг Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нураахаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2023 оны арваннэгдүгээр сарын 3-нд мэдэгдсэн. Улмаар барилгыг нурааж цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн юм. 


Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү, “Иргэд, аж ахуйн нэгжтэй ярилцсанаар барилгыг бүрэн чөлөөлж байна. Чөлөөлж дуусангуут нурааж эхэлнэ. Өнөөдөр А корпусыг буулгана. Урт цагаанд олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг ч гэрээ хийсэн 24 аж ахуйн нэгж, зургаан иргэн байдаг. Эдгээр нь хамгийн бага үнээр нийслэлтэй гэрээлж, цааш нь түрээсэлдэг байсан. 2020 онд Нийслэлийн Засаг даргын “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай захирамж гарснаас хойш эдгээр иргэн, аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээ байгуулаагүй ч үйл ажиллагаагаа явуулсаар байсан. Нийт зургаан удаа албан мэдэгдэл өгсөн. Хүйтний улиралд барилгыг буулгаж, дулааны улирал эхлэнгүүт цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Зураг төсөл боловсруулж байгаа. Барилга барихгүй” гэлээ.


Мэргэжлийн байгууллагуудаас Урт цагааны барилгыг болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй гэж үзэн, 2011-2019 онд найман удаагийн дүгнэлт гаргажээ. 




Холбоотой мэдээ