ӨМНӨГОВЬ: Хурдан тэмээний улсын алдарт уяач тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-23 12:07:38

Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгаас анх удаа хурдан тэмээний улсын алдарт уяач тодорчээ.

 

Монголын тэмээн соёл уралдааны холбооны тэргүүн, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж улсын алдарт уяач цолыг хурдан тэмээ уяж сойдог уяачдад олгох саналыг анх санаачилж байсан юм.

 

Харин тус санаачилга бодит биеллээ олж Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн тэргүүн уяач Мөнхтуулын Мөнхбаян хурдан тэмээ уяж сойн уралдуулсан амжилтаараа Монгол Улсын алдарт уяач хэмээх эрхэм цолыг анхлан хүртлээ.

 

Алдарт уяачийн цолыг 2024 оны нэгдүгээр сарын 22-23-ны өдөр Баянхонгор аймагт зохион байгуулж буй Тэмээчдийн улсын зөвлөгөөний үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар гардууллаа.

 


Өмнөговь аймгийн анхны хурдан тэмээний улсын алдарт уяач М.Мөнхбаян нь улсын чанартай тэмээчдийн уралдаанаас найман түрүү, хоёр айраг, аймаг бүсийн чанартай наадмаас 10 түрүү, дөрвөн айраг тус тус хүртсэн амжилттай.

 

Баянхонгор аймагт зохион байгуулж байгаа тэмээчдийн улсын зөвлөгөөнд Өмнөговь аймгийн ХХААГ-ын дарга Ш.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын баг оролцож байна. 

Холбоотой мэдээ