Н.Мөнхжаргал: Бүжиг бол баяр баясал бас тайвшрал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-30 17:48:37
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 4 дүгээр сарын 29-нийг Олон улсын бүжгийн өдөр болгон тэмдэглэдэг. Бүжгийн урлаг бол аливаа зүйлийн мөн чанар, хүний сэтгэл хөдлөлийг хөгжмийн аянд биеийн хэлэмжээр илэрхийлж, хүний сэтгэл зүрхэнд хүрч баяр баяслыг авчирдаг.


Олон улсын бүжгийн өдрөөр Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Н.Мөнхжаргалтай ярилцлаа. Бүжигчин хүний жаргал, инээмсэглэл, баяр баясал, мэдрэмж, гоо сайхан бүхнийг уншигчидтайгаа хуваалцаж байна.



-Танд Олон улсын бүжгийн өдрийн мэндийг дэвшүүлье. Бүжгийн урлагт хэзээ хөл тавьсан бэ, энэ тухай ярилцлагаа эхэлбэл сонирхолтой байх болов уу?

-Баярлалаа. Энэ өдөр надад үргэлж баяр баяслыг төрүүлдэг. Учир нь миний хувьд мэргэжлээрээ бахархах, хүмүүст аз жаргал өгдөг тэр л зүйлээрээ омогших тийм онцлогтой өдөр юм.


Бүжиг бол миний хобби, хүсэл мөрөөдөл байсан. Анх  хоёр, гуравхан настай жаахан хүүхэд байхдаа зурагтаар бүжиглэж байгаа хүмүүсийг дуурайж, ээж, аав, ах дүү хамаатан садандаа бүжиглэж үзүүлдэг байлаа. Дараа нь цэцэрлэгт ороод урлагийн бүхий л үйл ажиллагаанд оролцон бүжиглэж явдаг хүүхэд байсан. Багш нар маань ч намайг их дэмжиж, их ч зүйл зааж өгдөг байсан юм.


Энэ байдал сургуульд орсон ч үргэлжилсэн. Урлагийн үзлэг болгоноор түрүүлж, “Аварга бүжигчин” гээд Хүндэт самбарт гардаг байлаа. Сургуульд ороод анхны удаа мэргэжлийн бүжгийн багшаар бүжиг заалгуулсан. Тэр багшийг маань М.Иван гэдэг хүн байсан юм.


6 дугаар анги төгсөх жилийн хавар Улаанбаатараас Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн багш нар ирж, хүүхэд шалгаж байна гэдгийг ээж маань сонсоод нэг өдөр намайг дагуулж шалгуулсан. Шалгуулаад 1,2,3 гэсэн үе шаттай шалгалтад тэнцээд “инээдэг охин” гэдэг хоч авч, тэр жилийнхээ намар сургуульдаа элсэн суралцсан даа. Тэгээд л миний “бүжигчин” болох жим тод болсон гэж боддог.



-Дөнгөж 6 дугаар анги төгссөн жаахан охинд гэрээсээ, ээж, ааваасаа хол суралцах ямар байсан бэ?

-Анхандаа үнэхээр хэцүү байдаг байсан. Гэрээ санана, хичээлээ дийлэхгүй, ядарна, мэргэжлийн хичээлээсээ болоод өвдөж шантарна. Тэгээд шантраад “сургуулиасаа гаръя” гэж байтал ээж маань зэмлээд сургуульдаа үлдэж байсан юм. Ингээд 4 жил суралцаж, Бүжгийн жүжигчин гэх мэргэжлийг эзэмшин бүжигчин болж байлаа. Ээжийнхээ тэр үйлдэлд би одоо болтол маш их баярлаж явдаг. Яаж тэр үед намайг үлдээж, энэ мэргэжлийг эзэмшүүлэв гээд талархаж явдаг юм.


-Бүжигчнээс өөр мэргэжилтэйгээр өөрийгөө төсөөлж байв уу?

-Бүжигчин биш байсан бол би өнөөдөр юу хийдэг, ямар хүн байх байсан бол гэж бодохоор огт төсөөлдөггүй. Миний өөрийн өгөгдөл “бүжигчин” л байсан гэдэгт одоо ч итгэж, мэргэжлээрээ бахархдаг, бас энэ мэргэжлийн эзэн болсондоо баярлаж явдаг шүү.



-Сургуулиа төгсөөд аймгийнхаа театрт бүжигчнээр орж ажилласан уу?

-Би 2005 онд сургуулиа төгсөөд аймгийнхаа Төв Халхын дуулалт жүжгийн театрт бүжигчнээр орж ажиллаад 19 жил болжээ.


Ажиллаж байх хугацаандаа Соёл урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуульд “Бүжгийн найруулга зүй” мэргэжлээр суралцан өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлж, 2015 онд төгссөн. Мөн СИТИ их сургуульд “Урлаг судлаач” мэргэжлээр суралцан магистрын зэрэг хамгаалсан.


-Гаргасан амжилт маш их байгаа байх аа гэж бодож байна. Тухайлан ямар уралдаан, тэмцээнд оролцож, ямар амжилт гаргаж байсан бэ?

-2011 онд Монгол Улсын соёл урлагийг сурталчлах ажлаар төвийн чуулгуудын уран бүтээлчидтэй хамтран Франц, Герман улсад болсон урлагийн тоглолтод амжилттай оролцсон.


2013 онд ОХУ-ын Улаан-Үд хотод зохион байгуулсан Ази номхон далайн орнуудын мэргэжлийн бүжигчдийн “Венок дружбы” уралдаанд гоцлол бүжгийн төрөлд оролцож, гуравдугаар байр, Дархан хотод зохиосон Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжгийн уралдаанд хамтлаг бүжгээр оролцож, тусгай байр, 2014 онд Хэнтий аймагт зохиосон Урлагийн гавъяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Санжаасүрэнгийн нэрэмжит бүжгийн уралдаанд цөөхүүл бүжгийн төрөлд оролцож дэд байр, мөн энэ ондоо Тайванийн Тайнан хотод болсон олон улсын язгуур урлагийн их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож, хамт олноороо наадмын хүндэт цом, өргөмжлөлийг хүртсэн. Энэ бол дэлхийн 60 гаруй улс орны дунд 4 жилд нэг удаа зохион байгуулдаг уралдаан юм.


Мөн 2015 онд ОХУ-ын Улаан-Үд хотод “Венок Дружбы” Ази номхон далайн орнуудын бүжигчдийн дунд зохиогддог тэмцээнд гоцлол бүжгийн төрөлд оролцож, байраа ахиулан дэд байр, дуэт төрөлд гуравдугаар байр эзэлж байсан.


2018-2023 онд ӨМӨЗО-ы Алшаа, Баяннуур аймгийн болон мужуудад соёл урлагаа суртачлах тоглолтууд болсон юм. Түүнд ОХУ-ын урлагийн сургуулийн бүжигчид болон дуучидтай хамтарч ажиллаж амжилттай тоглосон.



-Нэгэн үе аймгийн театрт залуучууд цөөрч, Улаанбаатар хот руу шилжих нь их байсан. Та театртаа үлдсэн жүжигчдийн нэг шүү дээ. Орон нутагтаа ажиллаж, амьдарч, одоо ч театрынхаа тайзан дээр бүжиглэж байгаа нь үнэхээр бахархмаар хэрэг гэж бодож байна?

-Сургуулиа төгсөөд тавхан жил л ажиллаад явна даа гэсэн бодолтой ирсэн. Тэгэхдээ урлаг соёлын олон алдартныг өврөөсөө төрүүлсэн энэ л алтан тайзнаас, энэ л хамт олноосоо явчих сэтгэл төрөлгүй, сэтгэл минь хоргодсоор нэг л мэдэхэд 19 жил болжээ.


Анги хамт олноороо ирээд, тоглолтоор хөдөө, сум, аймаг, нийслэл, гадаадын улс орон гээд аялан тоглолтоор маш олон удаа явсан, одоо ч явж л байна.


Өөрийн нутгийн, улсынхаа соёл урлагийг сурталчлаад явж байхад бахархам сайхан байдаг. Олон ч улс болон өөрийн улсын аймгийн нутаг дэвсгэрээр явжээ.


Маш сайхан түүхтэй, гавъяатай энэ л театртаа ажиллаж, хамт олонтойгоо нэгэн гэр бүл шиг дотносож, урлагийн нэгэн үеийн түүхийг бүтээлцэж яваадаа баяртай байдаг.


Хамт олон гэдэг ямар сайхан юм бэ гэдгийг алхам бүрдээ мэдэрдэг дээ. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байхын чухлыг мэдрүүлж, надад баяр баясгалан бэлэглэдэг, миний  байх дуртай, хоёр дахь гэр минь юм шүү дээ. Театртаа хайртай, хамт олондоо хайртай.  


-Бүжгийн тухайд өөрийнхөө бодлыг хуваалцаач?

-“Бүжиг бол ... гээд л маш олон тодорхойлолтыг манай үе үеийн бүжгийн багш нар, эрдэмтэд хэлсэн байдаг. Бүжиг бол биеэр илэрхийлэгддэг яруу найраг гэж Урлагийн гавъяат жүжигчин Д.Нанжид багш тодорхойлсон нь үнэхээр оносон тодорхойлолт. Нэг ч үг хэлэхгүйгээр санаа бодлоо үзэгчдэд үйл хөдлөлөөр илэрхийлнэ гэдэг бол бүжгийн урлагийн гайхамшиг.


Ийм гайхалтай зүйлийг үзэж байгаа хүмүүсийн сэтгэл баясаж бүхий л асуудлаасаа түр холдож чаддаг байх. Зориулан зассан тайзан дээр гоё хувцастай, гоё хөгжимтэй, уран гоё хөдөлгөөнтэй, инээмсэглэл цацруулсан залуу сайхан хүмүүсийг харж, тэр гоё хөдөлгөөн, хэмнэлийг мэдэрч суух үнэхээр сайхан шүү дээ.


Дараа нь эмх цэгц бол бүжгээс салшгүй холбоотой байдаг. Бүжгийн урлагаар хичээллэсэн хүүхэд амьдралын зөв хэвшилтэй болж, хатуужилтай, эрүүл биетэй аливаад хариуцлагатай, гоо зүйн тодорхой хэмжээний мэдлэгтэй болдог гээд маш олон давуу талыг сурч эзэмшдэг.



-Бүжгийн олон төрөл байдаг. Таны хувьд ямар төрлөөр илүү олон уран бүтээл гаргасан бэ?

-Тийм ээ, бүжгийн олон төрөл бий. Тухайлбал, монгол ардын бүжиг, сонгодог бүжиг /балет/, модерн, стрийт дайнс, дайнс спорт /цэнгээнт/, стандарт гээд төрлүүд байдаг. Эдгээр төрлүүд нь бас дотроо хэд хэд салаалсан төрлүүдтэй.

Миний хувьд монгол ардын бүжгийн мэргэжлийг эзэмшин төгссөн. Гэхдээ бүжигчин хүн тэр дундаа аймгийн театрын бүжигчин гэдэг бол бүхий л төрлийг нь чадварлаг гүйцэтгэдэг байх ёстойгоос гадна жүжгийн урлагт бас мэдлэгтэй байж, театрынхаа уран бүтээлд оролцдог байх ёстой гэсэн шаардлага тавьдаг.


Тиймээс бүхий л төрлөөр бүжиглэж, бас суралцаж, өөрийгөө сорьж, бүжгийн урлагаа түмэнд түгээж байна.  


-Бүжигчин хүний аз жаргал, бүжиг бүжиглэж байх тэр үеийн мэдрэмж үнэхээр сайхан байдаг байх. Энэ сайхан мэдрэмжээ хуваалцах уу?

-Миний хувьд бүжиг гэдэг бол баяр баясал бас тайвшрал. Хүний амьдралд янз бүрийн л асуудал гардаг. Энэ бүх үед би бүжгээ бүжиглэхэд тэр бүх зүйлийг мартаж чаддаг.


Тайзан дээр гарах бүрдээ догдолж, бас айдастай байдаг. Тэгээд бүжиг эхлээд бүжиглээд эхлэнгүүт бүх зүйл мартагдаад тайвшраад, яавал хөдөлгөөнөө илүү гоё хийх вэ, яавал хүмүүс илүү их баярлаж, огших бол, алдаагүй маш сайн хийж, маш сайхан инээмсэглэж, үзэгчдэд баяр баясал төрүүлэх ёстой шүү гэж боддог. Ингээд бүжиг дуусахад үзэгчид уухайлаад алга ташихаар өөрийн мэдэлгүй баярлаж, хөөрөөд сэтгэл амарч, сэтгэл дүүрч, сайхан болдог юм.


Нэг л гоё амттан идсэн ч юм шиг тийм гоё мэдрэмж авдаг. Дахин дахин бүжиглэмээр ч санагддаг. Хүмүүст бүжигчин гээд хэлэхээр бүгд “тийм үү ямар гоё юм бэ” гэж хүлээж авдаг юм. Тэгэхээр нь мэргэжлээрээ улам л бахархах сэтгэл төрдөг дөө.


-Ярилцсан танд баярлалаа. Бүжгийн урлагаар дамжуулан нийгэмдээ сайн сайхан, гэрэл гэгээг түгээж, үзэгч түмэндээ баяр жаргал бэлэглэж явахыг хүсье!




Холбоотой мэдээ