БАЯНХОНГОР: Гуу жалга 110 см хүртэл зузаан хунгартай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-01-30 15:31:56

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Жаргалант сумын хөдөөгийн гурван багт өвлийн явуулын судалгаа, цасны хэмжилтийн ажлыг аймгийн УЦУОША-наас хийж гүйцэтгэжээ.


Тус суманд цасны зузаан харьцангуй их, өвөлжилт нэлээд хүндэрч байгаа юм.


Ажлын хүрээнд баг тус бүрд 10 цэгт цасны зузаан, таван цэгт цасны нягт тодорхойлох хэмжилт хийж, цасны дундаж зузаан, хунгар, гуу жалган дахь цасны зузаан, хөрийн зузааныг хэмжсэн байна.


Нам толгой 1-р багт цасны дундаж зузаан 15 см, гуу жалгандаа 30-50 см, хөрийн зузаан 2см, цасны нягт 0,17г/см3 байсан бол Өлзийт өндөр 2-р багт цасны дундаж зузаан 17 см, гуу жалгандаа 40-60 см, хөрийн зузаан 4 см, цасны нягт 0,19г/см3 байжээ. Харин Хөндлөн булаг 3-р багт цасны дундаж зузаан 18 см, гуу жалгандаа 60-110 см, хөрийн зузаан 5 см, цасны нягт 0,19г/см3 байна.


Дээрх гурван цэгийн орчимд цаснаас дээш цухуйх ургамал байхгүй байгааг тус албанаас мэдээлэв.


Жаргалант суманд энэ онд 126 мянга гаруй толгой мал өвөлжиж байна. Тус сум адуу, үхрийн тоогоор аймагтаа гуравдугаарт ордог. 


УЦУОША-наас ирүүлсэн мэдээгээр хоёрдугаар сарын 2, 3-нд аймгийн нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурах ажээ.

Холбоотой мэдээ