БАЯНХОНГОР: Малчдаа бүх талаар дэмжиж, хүндрэлийг даван туулахад туслахыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-02-27 18:00:53

Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан төрийн байгууллагын удирдлага албан хаагчидтай уулзалт хийлээ. Тэрбээр, малчдад өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулахад туслахад хүний хүчин зүйлийн манлайлал үзүүлэхийг нийт төрийн байгууллагын удирдлага, албан хаагчдад уриалав.

Засаг дарга Д.Мөнхсайхан хэлэхдээ, “Малчин гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд болон малчдад туслах чин хүсэл эрмэлзлэлтэй төрийн албан хаагчдыг сайн дурынх нь үндсэн дээр малчны хот руу илгээнэ. Ингэхдээ тухайн байгууллага мөн хугацааны цалин урамшууллыг тухайн ажилтан албан хаагчид хэвийн олгох дотоод зохицуулалтыг хийж болно” гэлээ.


Баянхонгор аймгийн хэмжээнд энэ онд 4 сая гаруй толгой мал өвөлжиж, хаваржиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт нутгаар цасан бүрхүүлтэй, хунгар газраа 1 метр гаруй цастай байна. Цаг агаарын хүндрэлээс шалтгаалан 18 мянга орчим мал зүй бусаар хорогджээ.


Холбоотой мэдээ