ДОРНОГОВЬ: Төрийн алба хаагчид үндэсний бичгээр цахим бичвэр боловсруулж, бичих чадварт суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-08 15:57:13

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 8  /МОНЦАМЭ/. Монгол Улс 2025 оноос төрийн албан хэргийг кирилл, монгол бичгээр хослуулан явуулна.


"Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ыг хэрэгжүүлэх болон төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажил орон нутагт өрнөж байна.


Дорноговь аймаг дахь Хэлний бодлогын салбар зөвлөлөөс төрийн 34 байгууллагын 34 архив, бичиг хэргийн ажилтнуудад цахим бичвэрийн сургалтыг зохион байгуулжээ. Орон нутгийн төрийн алба хаагчдын монгол хэлний мэдлэгийг дээшлүүлэх шат дараатай сургалт зохион байгуулснаар төрийн албан хаагчид үндэсний бичгээр цахим бичвэр боловсруулж, цахим орчинд бичих чадварт суралцаж байна.


Мөн аймгийн Насан туршийн боловсролын төвөөс үндэсний бичгийн танхимын сургалтыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд аймгийн төрийн байгууллагын алба хаагчид тогтмол хамрагддаг байна.


Дорноговь аймгийн төрийн 60 гаруй байгууллага нэр хаягаа монгол бичгээр бичиж хэвшжээ. Цаашид төрийн алба хаагчдын монгол хэлний мэдлэгийг дээшлүүлэх, тодорхой давтамжтайгаар сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах, үндэсний бичгээ хэрэглээ болгож архив албан хэргээ хөтлөх, түгээн дэлгэрүүлэхэд  онцгой анхаарч байгаа хэмээн аймгийн Боловсролын газраас мэдээлэв.  

Холбоотой мэдээ