Т.Тулга, Э.Бямбадорж нар алтан медалийн төлөө барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-11 16:26:38

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Чөлөөт болон сонгомол бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны Бишкек хотноо болж байна.


Тус тэмцээнд манай улсаас чөлөөт болон сонгомлын төрөлд эрэгтэй, эмэгтэй 26 тамирчин зодоглож байгаа. Тэмцээний эхний өдөр таван тамирчин дэвжээнд гарснаас эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэрбээр эхний даваанд Японы Оно Масаносүкег цэвэр, дараа нь БНАСАУ-ын бөхийг 3:0, их шөвөгт Энэтхэгийн Рохитыг 10:0-ээр ялснаар финалд үлдэв. Тэрбээр алтан медалийн төлөө Ираны алдарт бөх, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Рахман Амузад Халилтай барилдана. Тэд өмнө нь хоорондоо хоёр таарахдаа тус бүр нэг ялсан бол энэ удаа шовхоо үзэх нь ээ.


Түүнчлэн 79 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Бямбадорж алтан медалийн төлөө барилдахаар болсон. Тэрбээр эхлээд Казахстаны Азамат Омырзхановыг цэвэр, улмаар Японы Камияаг 5:3, хагас шигшээд Узбекистаны Хасановыг ялснаар алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 20:00 цагт эхэлнэ.


Харин 57 кг-д З.Занабазар, 70 кг-д Ц.Чинзориг, 97кг-д Ө.Батзул нар тэмцээнээ дуусгажээ.   



Холбоотой мэдээ