ДУНДГОВЬ: "Үлгэрч өвөө, эмээ" нарыг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-23 15:01:06
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Үндэстний баялаг өв болсон ардын аман зохиол, үлгэр туульсаа дэлгэрүүлэх, бага насны хүүхдийн оюун санааг хөгжүүлэх зорилгоор Сайнцагаан сумын ЗДТГ, Улсын тэргүүний III, IV цэцэрлэг, Ахмадын хороо хамтран “Үлгэрч өвөө, эмээ"-г шалгарууллаа. 


Монголчууд үеэс үед өв уламжлан ирсэн өвөрмөц түүх соёл, ёс заншил, амьдралын хэв шинжийг аман зохиол, үлгэр туульсдаа шингээн үр удмаа сургаж хүмүүжүүлсээр ирсэн. Үлгэр нь хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлж, зөв хүмүүжил олгох танин мэдэхүйн чухал ач холбогдолтой ардын аман зохиолын нэгэн төрөл, оюуны үнэт өв, ард түмний соёл юм.


Үлгэрээр дамжуулан хүүхэд багачуудад байгаль нийгмийн үзэгдэл, хүмүүсийн харилцаа, сүсэг бишрэл, төр улс, араатан амьтан, хүний зан чанар, ажил хөдөлмөр, зан заншил, амьдралын дадал гээд аливаа зүйлийн учир зүй, ёс дэгийг танилцуулах, эр зориг, цэцэн ухаан, гоо үзэсгэлэн, сайхан сэтгэлийг мэдрүүлж, өөрөө өөрийгөө таньж мэдэхэд туслах, төсөөлөн бодох, цээжлэх, цэгцтэй ярих чадварыг хөгжүүлэх, сайн мууг ялгаж чаддаг болгох, төлөвшүүлэх зэрэг хүмүүжил олгох маш олон талын ач холбогдолтой гэж үздэг.


Үлгэрийг ихэвчлэн өвөө, эмээ нар ач зээдээ ярьж өгдөг байсан уламжлал өнөө цагт алдагдаж, хүүхдүүд зурагт, гар утастай нөхөрлөж, цагаа өнгөрүүлдэг болсон нь нууц биш. Тиймээс үр хүүхэд, ач зээдээ үлгэр ярьж өгдөг олон өвөө, эмээ нарыг төрүүлэх, энэхүү өв соёлоо түгээн дэлгэрүүлэхийн тулд “Үлгэрч өвөө, эмээ” цахим уралдааныг ийнхүү зарлаж, уралдаанд Сайнцагаан сумын 6 багаас 15 ахмад оролцжээ.



Сайнцагаан сумын 5 дугаар багийн ахмад настан Ц.Жигжид “Орчин цагийн зурагт” үлгэрээр уралдааны тэргүүн байр, 9 дүгээр багийн иргэн П.Цэрэндаш “Арслан хулгана-2” үлгэрээр хоёр, 5 дугаар багийн ахмад Жигжид, Бадам, Баяртогтох нар “Шаазгай хүү” үлгэрээр гурав, Сайнцагаан сумын 9 дүгээр багийн иргэн Г.Оюунбилэг “Алимны мод” үлгэрээр Тусгай байр эзэлсэн бол хамгийн идэвхтэй, зохион байгуулалттай оролцож, хамгийн олон “үлгэрч өвөө, эмээ”-г оролцуулсан баг хамт олноор Сайнцагаан сумын 3 дугаар баг шалгарчээ.


Хүүхэд багачуудын хэл яриа, сэтгэхүй, танин мэдэхүйг хөгжүүлж, зөв хүмүүжүүлэхэд “Үлгэрч өвөө, эмээ” нарын үүрэг маш их гэдгийг Улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Мөнхтуяа онцолж, үр хүүхэд, ач зээдээ орой болгон үлгэр ярьж өгдөг байхыг ахмадуудад уриаллаа. 



Холбоотой мэдээ