Б.Цэрэнсугир: "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламж 4,1 хувиар нэмэгдсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-26 12:27:10
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол орны ойн санг 9,0 хувьд хүргэж, цөлжилт, газрын доройтлыг багасган, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлэх, улмаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулан ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор орон даяар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байгаа.


Цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр Дундговь аймагт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр дүнгийн талаар БОАЖГ-ын усны нөөцийн ашиглалт хамгаалалт, ойн бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэнсугираас тодрууллаа.


-Дундговь аймгийн хэмжээнд 2023 онд тохиосон хүчтэй салхи, шуурганы тоо 2022 оныхтой харьцуулахад бараг 7,5 дахин нэмэгдсэн гэсэн судалгааг аймгийн ОБГ-аас гаргасан байсан. Байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгааг цөлжилт, байгалийн доройтолтой холбон тайлбарладаг. Энэ чиглэлээр хийсэн судалгаагаар юу гэж дүгнэсэн бэ?

-Дундговь аймгийн нутаг дэвсгэрт сүүлийн жилүүдэд нэн хүчтэй шороон шуурга, байгалийн аюулт үзэгдлийн давтамж ойртож байгааг хүн бүр мэдэж байгаа. Мэргэжлийн байгууллагууд ч тогтоож байна. Монгол Улс НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцод нэгдэн орсноос хойш Засгийн газраас баталсан 3 дахь хөтөлбөрөө батлан, түүнд цөлжилтийн үнэлгээ, зураглалын ажлыг 5 жил тутамд гаргаж тайлагнахаар тусгасан.


Цөлжилттэй тэмцэх олон улсын конвенцод зааснаар "Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа хавсарсан олон янзын хүчин зүйлсийн нөлөөгөөр хуурай, заримдаг хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутаг оронд газар орчин доройтохыг цөлжилт гэнэ" гэж тодорхойлсон байдаг.


2020 оны Монгол орны цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 76,9 хувь буюу 120,3 сая га талбай доройтсон гэж тодорхойлсон. Үүнээс 4,7 хувь нь нэн хүчтэй, 18,6 хувь нь хүчтэй доройтсон ба аймгуудаас Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говь-сүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нийт газар нутгийн 50-70 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр манай аймгийн хувьд цөлжилт нүүрлэсэн аймгийн нэг болж байна.

Цөлжилт, газрын доройтлыг бууруулах, хамгаалах, элсний нүүдлийг сааруулахын тулд манай аймагт ойн зурвас байгуулах, айл өрх бүр мод, бут тарих ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.


-Цөлжилт, элсний нүүдлийг сааруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байгаа. Түүнийг хэрэгжүүлэхийн тулд Дундговь аймаг ямар бодлого гарган хэрэгжүүлж байна вэ?

-Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлж, манай аймаг 30 сая мод, сөөг тарьж ургуулах гэрээ байгуулсан. Уг ажлыг хэрэгжүүлэхийн тулд “Дундговь аймгийн ойн менежментийн мастер төлөвлөгөө-2030”, “Дундговио ногооруулъя” дэд хөтөлбөрийг боловсруулаад хэрэгжүүлж байна. Энэ нь аймгийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл хүнсээр хангах, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан эрхлэлтийн цар хэмжээг нэмэгдүүлэх, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага хувийн хэвшил, иргэдийн экологийн боловсролыг системтэй дээшлүүлэх гэсэн 3 зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа.


Тус хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ-аас 2021-2024 онд 540 сая төгрөг батлуулан Сайнцагаан сумын “Аривжих” төгөл, цэнгэлдэх хүрээлэн, авто зам дагуу мод тарих, 8 суманд ногоон байгууламжийн хашаа хамгаалалт хийх, ногоон байгууламжийн усалгаа арчилгаанд гүн өрмийн худаг гаргах, “Дундговио ногооруулъя” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, “Дундговио ногооруулъя” танхимын болон талбайн сургалтыг давтамжтай зохион байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлж байна.


- 30 сая мод, сөөг тарьж ургуулах ажлын явц хэр байгаа вэ?

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Дундговио ногооруулъя” хөтөлбөрийн хүрээнд 2021-2023 онд 285 529 мод, сөөг тарьж, аймгийн хэмжээнд 507 135 мод, сөөгтэй болсон. Хот суурин газрын ногоон байгууламжийн эзлэх хувь 4,1 хувиар нэмэгдэж, 11,5  хувьд хүрлээ.


2023 онд Дундговь аймгийн Өлзийт суманд орших улсын тусгай хамгаалалттай Загийн усны хоолойд заган ойг өргөжүүлэх, элсний нүүдлийг сааруулах зорилгоор улсын төсвийн 7,5 сая төгрөгийн хөрөнгөөр 3 га талбайд 3000 ширхэг бортоготой заг тарьж, иргэд санаачилгаараа хашаандаа 579 ширхэг алимын мод тарьсан.


2021 онд цагдаагийн постоос хүүхдийн парк хүртэл улсын чанартай авто зам дагуу мод тарьж, төрийн байгууллагуудад хариуцуулж өгснөөр ургалт 80 гаруй хувьтай байгаа. Өөрөөр хэлбэл мод тариад орхих биш, түүнийг арчилж ургуулах тал дээр анхаарч байгаа гэсэн үг юм.   


-Дундговь аймгийн иргэдийн хувьд газар тариалан эрхлэх, ногоон байгууламж байгуулах чиглэлээр хэр зэрэг бэлтгэгдсэн гэж та дүгнэдэг вэ?

-1990-ээд оны үед манай аймагт хүнсний ногоо, мод тарьж ургуулж байсан туршлагатай хүн цөөн байсан. Монгол Улсын гавъяат агрономич Ч.Дамба гуай Дарханы ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаад нутагтаа ирж, их олон хүнд сургалт хийж, өөрөө говь нутгийн хөрсөнд ямар ч ургамал ургана гэдгийг харуулж чадсан гэдэг.


Түүнээс хойш ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тариалан эрхлэгчдийг бэлтгэх чиглэлээр олон сургалт хийж байсан. 2021 оноос хойш хүний нөөцийг бэлтгэхэд ихээхэн анхаарч, “Дундговио ногооруулъя” үзэсгэлэн худалдааг 2 удаа, “Дундговио ногооруулъя” танхимын болон талбайн сургалтыг 3 удаа зохион байгуулж, 705 иргэнийг хамруулаад байна.


Энэ онд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг угтаж “Дундговио ногооруулъя” дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн газар тариалан, хүлэмж, хөдөө аж ахуй, жимсний мод тарих, өвөлжүүлэх агротехнологийн сургалтыг дөрөвдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулсан.


Энэ жилийн сургалтын онцлог нь хүнсний ногооны аюулгүй байдал, эрүүл хүнсний ногоогоор орон нутгийн хэрэглээг хангах, тариаланчдын өрхийн эдийн засгийг нэмэгдүүлэх зорилготой байсан.


-Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр удахгүй болно. Ямар ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна?

-5 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд “Дундговио ногооруулъя” тарьц, суулгац, багаж тоног төхөөрөмж, төмс хүнсний ногоо, мандлын цэцгийн үр, үрсэлгээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.


5 дугаар сарын 11-нд нийтийн орон сууц, худалдаа, үйлчилгээний төв, зам дагуу мод тарих ажлыг эхлэх гэж байна. Үүнд иргэд, худалдаа үйлчилгээ эрхлэгчид оролцоно. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сайнцагаан суманд 50 га талбайд “Агро ойн аж ахуй” байгуулах ажлыг хийхээр төлөвлөсөн.  


Мөн Тайванийн хөрөнгө оруулалтаар мод усалгааны эко хувинтай 2300 ширхэг мод тарина. Эко хувин нь 10 литр багтаамжтай, хувин дахь усыг үндэс рүү чиглүүлэх утастай, тус хувин нь 3-5 жилийн хугацаанд хөрсөнд шингэдэг.


-Мод тарих ажилд иргэд хэрхэн оролцож байна, тэдэнд юу гэж уриалах вэ?

-Мод тарих ажлыг санаачлан, хашаандаа олон мод тарьж, ургуулж байгаа иргэд, хувийн хэвшлийн болон ТББ-ууд бий. Төрийн байгууллагын албан хаагчид бол жил бүр мод тарих ажилд оролцдог. Мод тарьж, ургуулж буй бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна.


Гэхдээ манай аймгийн бүх айл, өрх хашаандаа мод тарьж ургуулаад, дээрээс харахад хангайгаас дутахааргүй харагдаж байвал хэчнээн сайхан бэ гэж боддог. БОАЖГ, Сумын ойн ангиас үрсэлгээ нийлүүлж, зөвлөгөө өгөхөд бэлэн байна.


Мод тарих хамгийн их буян гэдэг. Тиймээс энэ насандаа мод тарьж ургуулаад, орчноо сайхан тохижуулаад сэтгэл дүүрэн, амар тайван амьдраарай гэж иргэдээсээ хүсэж байна. Эх дэлхий маань, байгаль орчин маань ямар байх нь биднээс л хамаарна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхийлэн оролцоорой гэж уриалж байна.

-Ярилцсан танд баярлалаа. 

Холбоотой мэдээ