Б.Мөнхтөр: Энэ хавар 184.5 мянган га талбайд тариалалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-26 13:00:36

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөртэй цаг үеийн асуудлаар товч ярилцлаа.


-Сэлэнгэ аймаг энэ жил хэчнээн га талбайд үр тариа болоод төмс, хүнсний ногоо тариалах вэ?

-Сэлэнгэ аймаг энэ хавар нийт 184.5 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал үр тариа 137 мянган га-д, улаанбуудай 129.5 мянган га, бусад үр тариа 7.5 мянган га-д, тэжээлийн ургамал 17.5 мянган га, тосны ургамал 29.8 мянган га, төмс 2.7 мянган га, хүнсний ногоо 5.0 мянган га талбайд тус тус тариална. Мөн 127.4 мянган га талбайд уринш хийхээр төлөвлөсөн байгаа.

 

-Одоо тариаланчид, ногоочдын хувьд ямар ажил өрнөж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид 2024 оны хаврын тариалалтын техникийн засвар үйлчилгээ, хөрс боловсруулалтын ажилдаа гарсан байна. Мөн хүлэмжийн үйлдвэрлэл эрхлэгчид нарийн ногооны үрсэлгээгээ бойжуулах, зарим төрлийн хүлэмжид тариалсан ногооны арчилгаагаа хийх зэрэг бэлтгэл ажил хангагдаад явж байна.

 

-Энэ хаврын тариалалтад анхаарах ямар асуудал байна?

-Хаврын тариалалтад анхаарах хэд хэдэн гол зүйл бий. Нэгдүгээрт, үрийн чанар стандартын шаардлага хангасан байх ёстой. Тухайлбал тусгай сорьцын төв, стандартын газраар баталгаажсан үрээр тарих.

 

Хоёрдугаарт, хор, бордоо грибцидийн хэрэглээгээ зохистой дадлыг бий болгон хэрэглэж, ашиглах асуудал байна. Нөгөө талаас анхаарах нэг асуудал бол тариаланч, малчдын зөрчлийг арилгах ёстой. Ингэхийн тулд бид Монгол Улсын Ерөнхий сайд Сэлэнгэ аймагт өнгөрсөн намар ажиллах үеэр тариалангийн гол бүс нутагт тариалангийн бүсийн тухай хуулийг боловсруулах ёстой гэж хэлсэн.

 

Үүнийг ХХААХҮЯ боловсруулж байгаа. Үүний ажлын багт манай аймгийн малчин, тариаланч, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, сумдын Засаг дарга нар, багийн Засаг дарга нар оролцсон. Энэ хуулийн төслийг боловсруулахад бид оролцож, энэ зөрчлийг арилгахад тодорхой төрийн шийдвэрийг гаргуулахад хамтарч оролцох боломж бүрдээд байгаа.

 

Бас нэг чухал ажил бол тариалангийн талбайгаа хашаажуулах явдал байна. Иймээс тариалангийн талбайг хэрхэн яаж хашаажуулж болох талаар судалгаа гаргаж байгаа. Үүнийхээ үндсэн дээр төрийн дэмжлэгтэйгээр хашаажуулах ажлыг үргэлжлүүлж хийнэ.

Энэ ажлыг орон нутгийн иргэддээ хэлж, ярьж ойлгуулаад нэн түрүүнд хийж хэрэгжүүлнэ.

 

-Өнгөрсөн 7 хоногт төвийн бүсийн тариаланчдын зөвлөгөөнийг Төв аймгийн Зуунмод хотод зохион байгууллаа. Энд Сэлэнгэ аймгаас хэрхэн оролцов. Ямар асуудлыг хөндөж ярилцав?

-Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэн бүсийн 2024 оны хаврын тариаланчдын зөвлөгөөнийг хийсэн. Энд Сэлэнгэ аймгийн үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 198 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон.

 

Зөвлөгөөнөөр 2024 оны хаврын тариалалтад баримтлах бодлого, хөрс боловсруулалт, хөрсний чийгийн хангамж, тариалалт гээд олон чухал сэдвийг хөндөж ярьсан.

 

Тухайлбал ургалтын цаг агаарын төлөв байдал, төрөөс газар тариалангийн талаар баримталж байгаа бодлого, хөнгөлөлт, урамшуулал, зээлийн талаар ярилаа.  

Мөн ХАА-н корпорацаас тариаланчдад үзүүлж буй хөнгөлөлт, ургамал хамгааллын талаар мэдээлэл өгч, санал солилцсон.

 

-Өнгөрсөн жил Сэлэнгэ аймаг арвин ургац хурааж авсан. Үүний үр дүн юугаар илэрч байгаа вэ?

-Сэлэнгэ аймаг 2023 онд 4800 га талбайд хүнсний ногоо тариалж, 82 мянган тонн ургац хураан авсан. Мөн Сэлэнгийн тариаланчид 2023 онд нэгж га талбайгаас 16 цн улаан буудай хураасан. Мөн 4800 га-д хүнсний ногоо тариалж, түүхэндээ анх удаа 82 мянган тонн хүнсний ногоо хурааж авсан нь түүхэн том амжилт байлаа.


Энд Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" хөдөлгөөний хүрээнд авч хэрэгжүүлсэн олон бодит ажлын үр дүн нөлөөлсөн.


Тодруулбал, орон нутагт тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн нь хүмүүсийн тарих хүсэл зоригийг нэмэгдүүллээ. Дээр нь хүнсний ногооны урамшуулал олгодог болсонтой уялдуулан хүмүүс ногоо тарих сонирхолтой болсон. Мөн хавар, намрын хүнсний ногоо тариалалт болон хураалтын ажил маш хариуцлагатай явагдсаны улмаас бид 82 мянган тонн хүнсний ногоог түүхэндээ хурааж авсан амжилтыг үзүүлсэн.

Энэ нь манай тариаланчид, ногоочдын хийсэн ажлын үр дүн, амжилт, ололт бахархал юм. 

Холбоотой мэдээ