Нэрт зохиолч Ч.Ойдовын “Зохиолын цоморлиг” номын нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-06 20:53:56
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн шагналт зохиолч Ч.Ойдовын уран бүтээлийн “Зохиолын цоморлиг” хоёр боть номын нээлт өнөөдөр аймгийн ХДТ-т боллоо.  
1917 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт төрсөн нэрт зохиолчийн 100 жилийн ой 2017 онд тохиосон бөгөөд үр хүүхдүүдээс нь “Ч.Ойдов сан”-г байгуулан аавынхаа уран бүтээлийг мөнхлөх, сурталчлах чиглэлээр олон үйл ажиллагааг зохион байгуулсны нэг нь энэ юм. “Зохиолын цоморлиг”-ийн нэгдүгээр дэвтэрт Ч.Ойдов агсны амьдрал, уран бүтээлийн замналын тухай өгүүлдэг бол хоёрдугаар дэвтэрт зохиол бүтээлүүдийг нь багтаажээ.

1939 оноос уран бүтээлээ эхэлж, "Долоодой хүү", "Жаргалыг хүссэн Мөнхөө", “Зам”, “Далан худалч” зэрэг 20 гаруй драмын жүжиг, жүжгийн зохиол, “Жаргалын зам” дуурийн цомнол, "Чөтгөртэй бууц", “Хуучин танил” зэрэг өгүүллэг, шүлэг, найруулал, хүүхдийн жүжиг, тууж, тэмдэглэл, “Ардын элч” киногоороо уншигч, үзэгч олны талархлыг хүлээсэн Ч.Ойдов зохиолчийг алдаршуулах, сурталчлах үйл ажиллагааг “Өвөрхангайн бахархал” төслөөс эхлүүлээд байгаа ба энэ сарын турш есөн нэр төрлийн үйл ажиллагааг Өвөрхангай аймагт зохион байгуулах аж.
Мөн аймгийн ХДТ-ын найруулагч Э.Дашзэвэгийн найруулгаар “Далан худалч” жүжгийг орчин цагийн хэлбэрт шилжүүлэн энэ сарын 29-ний өдөр тайзнаа амилуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ