Парис: Дэлхийн дулаарлын эсрэг тэмцэлд эргэлт гарлаа

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2015-12-08 13:12:47

Хүн төрөлхтний өмнө тулгарч буй нэн түвэгтэй сорилт бол уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах асуудал гарцаагүй мөн. Дэлхий дээр дулаарал, уур амьсгалын өөрчлөлт асар хурдацтай явагдаж байгаа нь терроризмоос дутахгүй аюул заналыг дуудаж байна.

Энэ өдрүүдэд Францын нийслэл Парист хотноо хуран цуглаад буй 150 гаруй орны төр засгийн тэргүүн нар энэ зууны сүүлч гэхэд агаарын хэмийг цельсийн 2 градусаас дээш нэмэгдүүлэхгүй байх, агаар мандал дахь хүлэмжийн хийн хаягдлыг бууруулах талаарх даян дэлхийн /бүх нийтийн /хэлэлцээр байгуулах тохиролцоонд хүрэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргалаа.

Энэ удаагийн арга хэмжээг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн Талуудын бага хурлын 21 дүгээр чуулган /COP 21/ албан ёсоор гэж нэрлэх бөгөөд түүнд  нийт 195 орны 50 мянган төлөөлөгч оролцож байна. Конвенцид нэгдсэн улс орнуудын уулзалтууд 1992 оноос хойш жил бүр явагдаж байгаа хэдий ч энэ удаагийнх шиг ийм өндөр түвшинд, өргөн хүрээтэй болж байсан удаагүй. Дашрамд дурдахад, Парисын чуулган бол Францын түүхэнд урьд өмнө нь хэзээ ч болж байгаагүй олон улсын нүсэр том арга хэмжээ юм. 70-аад жилийн өмнө буюу 1948 оны 12 дугаар сард “Пале де Шайо” ордонд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлах үеэр Парист 50 гаруй орны удирдагчид хуран цуглаж байжээ. 

СОР21-ийн хоёр гол зорилт бол нэгдүгээрт, Уур амьсгалын өөрчлөлтийн хязгаарлах асуудлаарх Даян дэлхийн /Бүх нийтийн/ хэлэлцээрийг батлах. Энэ нь 1997 онд батлагдсан Агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээг бууруулах тухай  Киото-гийн протоколыг цаашдаа орлох чухал баримт бичиг болох юм. 

Хоёрдугаарт, улс орон бүрийн боломжоос хамааран iNDC буюу хүлэмжийн хийн хаягдлыг бууруулахад тухайн улс үндэстний оруулах хувь нэмрийг үнэлэн тогтоох явдал мөн.

Орон бүрийн оролцоо

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд мөнгө санхүү асар чухал үүрэгтэй. Өнгөрсөн оны эцсийн байдлаар, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь хөгжиж буй орнуудад туслах зорилго бүхий НҮБ-ын Уур амьсгалын Ногоон санд /Green Climate Fund/ 10 тэрбум 140 сая доллар хуримтлагдаад байгаагийн бараг тэрбумыг нь францчууд гаргасан байна.

Бусад томоохон хандивлагчид болох ХБНГУ-1 тэрбум, Япон-1,5 тэрбум, АНУ- 3 тэрбум долларыг нийлүүлээд байгаа бөгөөд 2020 он гэхэд 100 тэрбум доллар тус санд хуримтлагдсан байх учиртай.

Одоохондоо бол, засгийн газар болон бизнесийнхэн бие биенээ харзнасан маягтай байна. Энэ удаагийн Парисын чуулган уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд жинхэнэ утгаараа эргэлтийн шинэ үе болж чадах уу гэж бизнесийнхэн тээнэгэлзэж байгаа бол засгийн газрууд “өөрсдөөсөө мөнгө хөрөнгө гаргаад хүлэмж хийн хорт хаягдлыг бууруулах өгөөмөр сэтгэл бизнес эрхлэгчдэд байгаа болов уу” хэмээн эргэлзсээр.

Хүлэмжийн хийн 90 хувийг ялгаруулж буй дэлхийн 166 орны төлөөлөгчид дээрх хуралд оролцож байгаа юм. 11 дүгээр са рын 25-ны өдөр эдгээр орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх өөр өөрсдийн төлөвлөгөөг боловсруулан танилцуулжээ. Төлөвлөгөөнд тухайн улс орон хүлэмжийн хийтэй тэмцэхэд ямар хувь нэмэр оруулах вэ гэдгээ тодорхойлох юм. Гэхдээ энэ нь ямар нэгэн үүрэг амлалт хүлээнэ гэсэн үг биш. Хамгийн түрүүнд Швейцарь улс төлөвлөгөөгөө танилцуулж, хүлэмжийн хийн хаягдлыг 1990 оны түвшинтэй харьцуулахад 50 хувиар бууруулна гэдгээ амласан бол ОХУ 30 хувиар багасгахаар төлөвлөж байгаа гэх мэт.

Монголын оролцоо ба идэвх

Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж  буй орнуудын нэгд тооцогдох манай улсын хувьд дэлхийн геополитикт гарч буй аливаа өөрчлөлтийг соргогоор мэдэрч, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хөгжингүй орнууд болон хөгжиж байгаа орнуудын зөрчилтэй байр суурийн дундаас дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч  болохуйц санал санаачилгыг олж дэвшүүлэх талаар идэвхийлэн ажиллах нь зүйтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Парисын чуулганы хуралдаанд оролцон үг хэлэхдээ “дэлхийн дулаарлыг багасгаж, уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлахын тулд хөгжиж буй орнуудад хангалттай хэмжээний хөрөнгө санхүү, техникийн туслалцаа үзүүлэх, нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлыг тогтоож, ялгаруулсан хүлэмжийн хийн хэмжээгээр татвар төлөх зарчим нэвтрүүлэхийг” уриалсан билээ.

Дэлхийн дулаарал, озоны цооролтод санаа зовнисон нэгнийгээ өөнтөглөн цаашлуулж, онигоонд оруулдаг байдал үеэ өнгөрөөж, энэ хоёр аюул монгол хүн бүрийн хувьд түгшүүрийн харанга дэлдэж байна. Монгол орны агаарын жилийн дундаж температур сүүлийн 75 жилийн хугацаанд 2,1 градусаар нэмэгджээ. Улаанбаатарын агаарын бохирдол дээд цэгтээ тулж, дээр нь Богд уулаас урагш газар орон бүхэлдээ цөлжилтөд идэгдсэн байна. Хэрвээ агаарын хэм 2-оос дээш градусаар нэмэгдэх аваас эх дэлхийд маань асар их хөнөөл авчирна. Тодруулбал, агаарын дундаж хэм 4 градусаар нэмэгдэхэд далайн усны түвшин дээшилж, 750 сая хүний гэр орон усанд автана гэсэн тооцоо бий. Дэлхийн дулаарлаас үүдэн далайн усны түвшин дахин 1,8 см-ээр нэмэгдэхэд л Бангладешийн нутаг дэвсгэрийн 20 хувь нь усан доогуур орох нь. Арлуудын орнуудын хувьд бүр ч хүнд байдалд орох бөгөөд энэ тохиолдолд хамгийн бүтэлгүй хувилбараар төсөөлөхөд, Төв Азийн өндөрлөг бүс нутаг болох Монголд зарим иргэдийг нь нүүлгэн суурьшуулах шийдвэр гарах аваас инээх ихдэж, уйлах багадна.

СОР21-ийн эргэн тойронд

Чуулган явагдаж буй Парисын хаяа хот болох Ле Бурже-г цагдаа нар болон армийнхан битүү бүслэн хамгаалжээ. Энэ хотыг сонгосон учир нь, Парист онц байдал зарлаад байгаа үед хууль зөрчин жагсаал цуглаан хийж болзошгүй хүмүүсээс дөлсөн хэрэг. Чуулганы үеэр эх дэлхийгээ хамгаалах уриан дор болох  байсан 40 мянган хүний оролцоотой нүсэр жагсаалыг аюулгүй байдлыг хангах үүднээс цуцалжээ. Гэсэн хэдий ч ийм том хурлын үеэр зөрчил сөргөлдөөн, гарахгүй байна гэдэг бол номонд хазгай. Парис хотод 10 гаруй мянган хүн гинжин хэлхээ үүсгэн жагсч, Бүгд найрамдах улсын талбайд  4 тонн гаруй гутал авчран эгнүүлэн тавьж эсэргүүцлээ илэрхийлжээ. Франц улс дэлхийн улстөрийн бодлогын төв болоод байгаа энэ үед ийм үйлдэл хийснийг Францын Ерөнхийлөгч Ф.Олланд доромжлол гэж үзсэн байна.

Бүх нийтээрээ зөвшилцөлд хүрлээ

Өнөөдрийн байдлаар, зөвшсөн хэлэлцсэний гол үр дүн гарч, уур амьсгалын асуудлаарх бүх нийтийн /даян дэлхийн/ хэлэлцээрийн  төсөл бэлэн болсныг НҮБ-ын суурь Конвенцид нэгдсэн 200 улс орон бүгд дэмжээд байна. Одоогоор 48 хуудас бүхий уг баримт бичгийг сайд нарын түвшинд хэлэлцэж байгаа бөгөөд найруулгын болон орчуулгын алдаануудыг нягтлан хянасны эцэст НҮБ-ын албан ёсны 6 хэл дээр нийтлэх аж. Текстийн агуулгыг маш нууцалж байгаа хэдий ч 11-ний өдөр буюу энэ долоо хоногийн баасан гарагт санал нэгтэйгээр батална гэдэг нь ерөнхийдөө тодорхой болжээ. Харин хэлэлцүүлэгт оролцож буй олон улсын “Гринпис” байгууллагын төлөөлөгчдийн ярианы өнгөнөөс ажвал тэд нэлээд сэтгэл дундуур байх шиг. Учир нь, Саудын Арави зэрэг нефтийг асар ихээр олборлогч зарим орнууд хэлэлцээний үйл явцад саад хийж байгаа гэнэ. Яриа хэлэлцээ нэлээд төвөгтэй нөхцөл байдалд өрнөсөн бөгөөд дээрх баримт бичигт даацтай томоохон өөрчлөлтүүдийн талаар дурдаагүй гэж “Гринпис”-ийнхэн үзэж байна.

Гэсэн хэдий ч, Конвенцид оролцогч талуудын хувьд тохиролцоонд хүрч чадсан гол зүйл бол хүлэмжийн хийн хаягдлын хэмжээг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжих тухайд үндсэндээ санал нэгдсэн явдал юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама хэлэхдээ “эх дэлхийгээ аврах хүчин чармайлтад эргэлт хийх цаг үе нэгэнт ирсэн, хүлэмжийн хийн хаягдлыг багасгах асуудлаарх Бүх нийтийн хэлэлцээрийг Парист байгуулах нь дэлхийн эдийн засаг шинэ бүтцэд шилжих замыг нээж өгнө” гэж онцлон дурдлаа.

Хятадын удирдагч Си Жинпин “уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд нь хөгжиж буй орнуудад туслах үүргийг хөгжингүй орнууд хүлээсэн” гэдгийг сануулаад Хятад улс 2050 гэхэд агаар мандалд хаяж буй хаягдлаа 60-65 хувь бууруулна /2005 оны түвшинтэй харьцуулахад/ гэдгийг мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хэлснээр “Орос улс ДНБ-ний хэмжээгээ 2003-2013 оны хооронд 2 дахин нэмэгдүүлж чадсан ба энэ зорилтыг хэрэгжүүлэх явцдаа агаарт цацагдаж буй нүүрсхүчлийн хийг нэмэгдүүлээгүй байна”.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Нүүрстөрөгч аль болох багаар хэрэглэдэг ирээдүйн эдийн засагт шилжих үйл явц аль хэдийнэ эхэлжээ” гэсэн дүгнэлт хийгээд “дэлхийн улс орнуудын удирдагчид хийх ёстой байсан зүйлээ Парист хийж чадсан” болохыг онцгойлон сайшаалаа. 

Б.Адъяахүү

                                      

Холбоотой мэдээ