Гацууртын ордын асуудлаар “Шударга ёс эвсэл” завсарлага авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагт товлогдсон ч 10:45 минутанд 52 хувийн ирцтэйгээр эхлэв.
Хуралдааны эхэнд өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөсөн байсан “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслөөр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг завсарлага авах хүсэлтэй байгааг З.Баянсэлэнгэ гишүүн уламжлав. Учир нь Гацууртын ордод төрийн эзэмших хувь 34 байна гэснийг дахин ярилцаж, шийдэлд хүрэх шаардлагатай гэж үзэв. Мөн тус бүлэг “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслөөр Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас мэдээлэл авах гэж олон удаа дуудсан ч ирээгүй учир энэ асуудлаар завсарлага авахыг хүсэв. Ингээд УИХ-ын дарга З.Энхболд эвслийн бүлгийн саналыг үндэслэн тав хоногийн завсарлага өглөө.
Үүний дараа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Уг асуудлаар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар МАН-ын бүлэг завсарлага авсан байсан юм.
Өнөөдрийн нэгдсэн хуралдаанд АН-ын бүлгийн гишүүд 85 хувь, МАН-ын гишүүд 0 хувь, “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг 50 хувь, ИЗНН 100 хувийн ирцтэй оролцож байгаа бол бие даагч гишүүдийн хоёр нь ирсэн байна.
Н.Туяа