Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАрдчилал, хүний эрхийн өдрийг тохиолдуулан МАН-ын гишүүд төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Өнөөгийн ардчиллыг бий болгоход түүнийг үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг. Тодруулбал, Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн түүхэн мөчид Ж.Батмөнх төрийн тэргүүний хувиар ухаалаг мэргэн бодлого явуулсан нь Монголд ардчилал тайван замаар өрнөх суурь болж өгсөн билээ. Эгзэгтэй үед тэрбээр түүхэн шийдвэр гаргаж, Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр огцруулсан нь “оготны хамраас цус гаргаагүй” бий болгосон ардчиллын суурийг тавьсан гэж зүй ёсоор үнэлж, шинэ цагийн түүхэнд үлдсэн байдаг.
Ж.Батмөнх нь Их сургуулийн багшаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдон түүхэн цаг үед ажилласан зүтгэлтэн байв. Тэрээр 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны зургаадугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдсон. 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь Ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу төрийн тэргүүнээр ажиллаж байжээ.
Б.Туул