Хотын хөгжлийг иргэдийн саналаар тодорхойлдог болно
МОНГОЛЫН МЭДЭЭНийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулж буй “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулга арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Уг арга хэмжээнд Станфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчилал төвийн захирал Доктор. Жэймс Фишкин, Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөх, Зөвлөх хорооны хамтын дарга Г.Занданшатар нарын албаны хүмүүс болон иргэдийн төлөөлөл оролцож байна.
Зөвлөлдөх санал асуулга нь төрийн байгууллага аливаа төсөл хөтөлбөрийг иргэдэд танилцуулж, тэдний саналыг авч, тусган бодит ажил болгох зарчмаар үргэлжилдэг ажиллагаа юм. Санал асуулгыг хөгжингүй улсын олон хотод амжилттай явуулж, иргэд нь санал асуулгад идэвхтэй оролцож, төрийн байгууллагын шийдвэрт нөлөөлж чаддаг болсон байна.
Зөвлөлдөх санал асуулгын арга хэмжээ 2 өдөр үргэлжлэх бөгөөд дараах төслүүдийг иргэдэд танилцуулж, санал авна.
Улаанбаатар метро
Туул усан сан цогцолбор
Туулын хурдны зам
Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк
Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк
Эко парк байгуулах
Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах
Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлт
Угсармал орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах
“Бага тойруу”-ийн хуучин барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах
Монгол наадам цогцолбор, Экологийн коридор байгуулах
Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах
Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах зэрэг юм. Одоогоор "Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, эдийн засаг санхүүгийн нөхцөл байдал" илтгэлийг танилцуулж байна.
Б.Туул