Туулын хурдны зам барихаар бэлтгэлээ хангаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-15 10:09:36

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг багасгах гол төслийн нэг Туулын хурдны замын барилга угсралтыг эхлүүлэхээр бэлтгэж байна.


Туулын хурдны зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл 6 эгнээ 32 км үргэлжилнэ. Мөн найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9878 метр урт гүүр, дөрвөн байршилд 190 метр урт тунельтэй байхаар төлөвлөжээ. Хотын төвөөр дайрах хэсгийг гүүрэн байгууламжаар шийдэж, шинэлэг архитектурын өнгө төрхтэй, орчин үеийн стандартаар барих цогц авто замын төсөл юм.


Тус замыг барьснаар Наадамчдын өргөн чөлөөний ачаалал 15-30, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 11-25, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 10-25, Сонсголонгийн гудамжийн ачаалал 5-17 хувиар багасах тооцоо, судалгаа бий. Түүнчлэн замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, замын урсгалын тэнцвэр сайжрахаас гадна ачаа тээврийн урсгал төв замаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаарын бохирдол, дуу чимээ багасна.


Ингэснээр иргэд эрүүл, тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэж, түгжрэл багасах, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийг сайжруулах, хөрөнгө оруулалт татах, ажлын байр бий болгох зэрэг ач холбогдолтойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.


Зам барих тендерт өнгөрсөн долоодугаар сард Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, гэрээ байгуулаад удаагүй байгаа билээ. 

相关新闻